Мэргэжлийн сүмо бөхийн Нацү башё өчигдөр эхэлж, дээд зиндаа манай улсын найман сүмоч хүч үзэхэд дөрөв нь давж, дөрөв нь уналаа. Зүүн жигүүрийг тэргүүлэгч, ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ гурван башёгийн дараа эргэн ирж буй бол Кирибаяма Б.Лхагвасүрэн арслан цолны төлөө барилдана. Монголын толгой сүмочдын хувьд маш хариуцлагатай башё болно.
Энэ оны анхны барилдаанаа өчигдөр хийсэн Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ “экс озеки” Шойдайг давснаар зуны тэмцээний эхний ялалтаа авсан бол сүмо сонирхогчдын анхаарлын төвд байгаа сэкиваке Кирибаяма Б.Лхагвасүрэн, Хошёорюү С.Бямбасүрэн нар мөн эхний ялалтаа авлаа.
Кирибаяма Б.Лхагвасүрэн ялалтаа хоёр оронтой тоонд хүргэвэл арслан цол авах юм. Мөн Хокүсэйхо Э.Даваанинж ялалт байгуулсан байна. Харин Тамаваши Б.Мөнх-Оргил, Дайшохо Ч.Шижирбаяр, Чиёошома Г.Мөнхсайхан, Миторюү Б.Төрболд нар унажээ.