Узбекистаны нийслэл Ташкент хотод боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр өндөрлөж, жин жингийн медальтнууд тодорлоо. Монголын багаас 63 кг-ын жинд Армийн дэлхийн аварга, Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт Б.Чинзориг мөнгө, 67 кг-д Б.Мишээлт хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр долдугаар байрт оров. Тэмцээнд оролцсон 100 орныг ардаа орхисон нь чамгүй амжилт юм.
Б.Чинзориг шигшээд шалгарах замдаа Австралийн М.Маклериг 5:0, Камеруны М.Оумароуг 5:0, Конгогийн Ф.Мулумбаг 5:0, Кубын Ласаро Альваресыг 4:1-ээр буулган авсан. Харин өчигдөр финалд рингэний эзэн орны боксчин Руслан Абдуллаевт дийлдэж, 100.000 ам.доллар гардлаа. Түүний жинд 60 тамирчин хүч үзсэн бөгөөд Б.Чинзориг ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Монголын тав дахь эрэгтэй боксчин болов.
Өмнө нь 1982 онд Р.Отгонбаяр, 1997 онд Т.Үйтүмэн, 2007 онд Э.Бадар-Ууган, 2009 онд Н.Төгсцогт нар энэ рингэнээс мөнгөн медаль хүртэж байжээ. Б.Чинзориг олон жил эх орныхоо нэрийг олон улсын тавцанд мандуулсан ч дэлхийн медаль байв. Тэр мөнгө хөөж, мэргэжлийн спорт руу урваагүй, хэзээний тууштай, хөдөлмөрч байсан түүний хүчин зүтгэл үр дүнгээ өгсөн нь энэ. Түүний жинд гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, Д.Отгондалай нар олимп, дэлхийгээс хос медальтай бөгөөд Монголын боксчдын “дархан” жин юм. Ганцхан жилийн дараа Парисын рингэнээс ах гавьяатуудынхаа шийрийг хатааж, байгуулсан гавьяатай нь эн зэрэгцэн зогсох буйзаа.
Тэгвэл 67 кг-ын жинд Б.Мишээлт ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Монголын долоо дахь эрэгтэй боксчин, 16 дахь медальтан болов. Түүнчлэн боксын 67 кг-ын жинд анх удаа медаль хүртсэн монгол бөгөөд өмнө нь энэ жинд тэртээ “Сөүл-1988” зуны олимпын наадамд С.Алтансүх медалийн төлөө өрсөлдсөн нь хамгийн оргил амжилт байлаа. Ийнхүү олимпын өмнөх жилийн дэлхийн рингэнд таван тивийн 107 орны 538 ширэн бээлийтэн тулалдсанаас манай улс 10 шилдэг тамирчинаа илгээхэд багийн дүнгээр долдугаар байрт орсоноор “Парис-2024”-ын олимпын бэлтгэлжилт хэр төвшинд хангагдаж буйгаа харууллаа.
Боксын ДАШТ-ээс медаль хүртсэн байдлаар эхний долоо улсын жагсаалт
1. Узбекистан - 5 алт, 2 мөнгө, 2 хүрэл
2. Казакстан - 4 алт, 1 мөнгө
3. ОХУ - 2 алт, 4 хүрэл
4. Куба - 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл
5. Франц - 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл
6. Гүрж - 1 мөнгө, 2 хүрэл.
7. Монгол -1 мөнгө, 1 хүрэл