Ховд аймгийн Дуут сумын ЭМТ-д түргэний жолоочоор 22 жил ажилласан Д.Буяннэмэх нь элэгний хорт хавдар өвчинтэй тэмцэж буй. Түүний охин Б.Туултай цөөн хором ярилцлаа. Ар гэрийнхэн нь "Түргэний жолоочдоо тусалъя" хандивын аяныг өрнүүлээд байгаа юм.
-“Түргэний жолооч”-ын амьдралыг ар гэр нь илүү ойлгодог байх. Гэхдээ энэ ажлын хүнд хэцүүг юу гэж хардаг вэ?
-Манай аав Ховд аймгийн Дуут сумын ЭМТ-ийн түргэн тусламжийн тэргийг 22 жил жолоодсон. Далайн түвшнээс дээш хамгийн өндөрлөгт оршдог суурин газрын уул нуруу, бартаа гүвээ ихтэй тийм замаар 22 жил явсан гэсэн үг. Аавыгаа нойр муутай, амрахгүй яваад байхаар их өрөвддөг. Намайг бага байхад дугуйны нөхөөс, автомат хийлэгч зэрэг хэрэгслүүд байгаагүй. Тэр үед аав яаралтай дуудлагаар явж ирээд машиныхаа дугуйг нөхөөд суучихна.
Сүүлдээ ээж хүртэл машины дугуй нөхөөд сурчихсан байсан.
Сумын төвийн эмнэлэгт дуудлага ирэхээс гадна нярайн тойролт, вакцин хийх, хөдөө айлуудаар явж сургалт хийх гээд л энэ бүх зүйлд ганц жолооч ээлжгүйгээр ажилладаг. Одоо ч тийм.
-Аавынхаа ажил мэргэжилтэй холбоотой ер мартагддаггүй дурсамжаасаа хуваалцаж болох уу?
-Аав өнгөрсөн жилийн яаралтай тусламжийн нэг дуудлагын тухай ярьж байсан. Сумын төвөөс 60 гаруй км, гурван цаг явж хүрдэг газар. Очиход өвчтөн яг ухаан алдаж, биеийн байдал нь муудаж байсан гэнэ лээ. Хэрвээ замд дугуй хагарах эсвэл буугаад бие засах гэх мэтээр ганц хором алдахад л аюул болох байсан юм билээ. Ингэж эмч, өвчтөн хоёрыг цаг алдалгүй уулзуулдаг нь энэ ажлын сайхан зүйл шиг санагддаг.
-Аав тань ажлынхаа тухай юу гэж ярьдаг вэ?
-Буянтай сайхан ажил даа гээд л үргэлж сэтгэл тэнэгэр явдаг. Нэг ч удаа ядарч байна, хэцүү бас халширмаар гэж хэлж байгаагүй шүү. Аав маань маш тайван, уурлаж уцаарладаггүй, холч ухаантай, бүх хүнтэй эвтэй найрсаг сайхан хүн.
-Аавын тань ажил таны амьдрал, хүсэл мөрөөдөлд нөлөөлсөн үү? -Нөлөөлсөн. Ээж маань эм зүйч, би өөрөө АШУҮИС-ийг Нийгмийн эрүүл мэнд судлаач, эрүүл ахуйч мэргэжлээр 2018 онд төгссөн.
Ах бид хоёр багаасаа аавыг дагаад л эмнэлгийн машин дотор явж байдаг байсан. Тэр үеэс л эрүүл мэндийн салбар ажиллана гэж шийдсэн.
-Хандивын аян үргэлжлээд хэр хугацаа өнгөрч байна вэ, энэ хугацаанд хэр хэмжээний хандив цугларсан бэ?
-Хандивын аян тавдугаар сарын 8-нд эхэлсэн. Сайн сайхан хүн бидний эргэн тойронд үнэхээр олон байдаг юм байна. Аян эхлэснээс хойш өнөөдрийг хүртэл 15 гаруй сая төгрөг цуглаад байна. Халуун гараа сунгаж буй, худалдан авалт хийж байгаа хүмүүсийн буян заяа нь дэлгэрч явах болтугай гэж залбирч байна даа.
М.Дэвээжаргал