ХӨСҮТ-ээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн эрхлэгч Ц.Наранзул мэдээлэл өглөө.
Тэрбээр "ДЭМБ-ын мэдээгээр дэлхий нийтэд Covid-19 цар тахал эхэлснээс хойш өнөөг хүртэл 765 сая тохиолдол батлагдаж, 6.9 сая хүн ам нас барсан байна. Он гарснаас хойш дэлхийн улс орнуудад халдвар тогтвортой буурч байгаад сүүлийн долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад 15 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Гэсэн хэдий ч зарим улс орнуудад цар тахлын халдвар эргээд нэмэгдэж байна. Тухайлбал, АНУ, БНСУ, Япон, Бразил, Энэтхэг, ОХУ гэх мэт улсуудад долоо хоногт 30-80 мянган тохиолдол бүртгэгдэж байна.
Монголд 18 дугаар долоо хоногт нийтдээ 205 шинэ тохиолдол бүртгэгдсэн. PCR шинжилгээгээр эерэг илэрч байгаа тохиолдол огцом өссөн. Омикроны бусад хувилбаруудтай харьцуулахад хүнээс хүнд халдварлах байдал өндөр хэвээр. Эмнэл зүйн хувьд хүндрэл харьцангуй бага боловч тохиолдол нэмэгдэхийн хэрээр ахмад настнуудад хүндрэх эрсдэлтэй байгаа. Тиймээс ард иргэд олон хүн цугласан газар амны хаалтаа зүүж, зайгаа барих шаардлагатай" гэв.