Эрүүл мэндийн манаанд энхийг сахиулагч, “Олон улсын сувилагчдын өдөр”-ийг жил бүрийн тавдугаар сарын 12-нд дэлхий нийтээрээ тэмдэглэдэг уламжлалтай.
Манай улс 1995 оноос хойш энэ өдрийг тэмдэглэж иржээ. Өнөөдөр Монгол Улсад 11 мянга гаруй сувилагч буй. 2023 оны сувилагчдын өдрийг "Бидний сувилагч, бидний ирээдүй" уриан дор дэлхий нийтээр тэмдэглэж байна.
Түүхийн хуудсаас дэлгэвэл, Английн иргэн “Дэнлүү барьсан эмэгтэй” хэмээн дэлхийд алдаршсан сувилагч, багш Флоресне Найтенгелийг сувилахуйн ухааныг үндэслэгч хэмээн алдаршуулж, түүний төрсөн өдөр буюу тавдугаар сарын 12-ныг Олон улсын сувилагчдын нийгэмлэгээс “Олон улсын сувилагчдын өдөр” болгон тэмдэглэх болсон юм. Тэрээр, 1850-аад оны Крымийн дайнд ажиллаж байхдаа сувилахуйн шинжлэх ухааны мөн чанарыг дэлхий дахинд таниулсан гавьяатан билээ.
Ташрамд сонирхуулахад, Сувилахуй гэдэг нь энэрэх, халамжлах гэсэн үгнээс үүссэн бөгөөд сувилгааны үйл ажиллагаа нь үйлчлүүлэгчийн биеийн байдлыг үнэлэх, оношлох, төлөвлөх, хэрэгжүүлэх, дүгнэх гэсэн таван шатлалаас бүрддэг аж.