Монголын топ-4 спортоос жүдо, боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Ази тивд болж байгаа нь манай улсын тамирчдад ээлтэй байна. Тэмцээн дуусаагүй байхад жүдочид хоёр, боксчид хоёр медаль авсан ба медалийн өнгөө өөрчлөх боломж ширэн бээлийтнүүдэд байгаа бол жүдочдод нэмж медаль хүртэх боломж бий. Катарын дэвжээнд манай улсын 18 барилдсан бөгөөд өнөөдөр -100 кг-ын жинд Б.Гончигсүрэн, 78 кг-ын жинд О.Хүслэн хүч үзэх юм.
100 кг-ын жинд Монголын бөхчүүд онцгой амжилт үзүүлсэн бөгөөд захаас нь дурдвал олимпын наадмаас алт, мөнгөн медаль хүртэж, дэлхийн аваргаас ч хүрэл медаль авсан түүхтэй. Монголын спортын хамгийн шилдэг амжилтыг үзүүлжээ.
Энэ жинд сүүлийн хоёр жил монголыг төлөөлж буй Б.Гончигсүрэн нь өнгөрсөн жилийн Азийн АШТ-ээс хүрэл, Ташкентын их дуулгаас хүрэл медаль хүртсэн найдвар тавьж буй жүдоч мөн. Тэгвэл эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд барилдах 19 настай О.Хүслэн бол “Улаанбаатар” их дуулгаас хүрэл медаль хүртсэнээс бусдаар даруухан амжилттай яваа залуу тамирчин юм.
Уншигч та ажигласан бол Монголын жүдо бөхийн холбоо энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд харьцангуй залуу бүрэлдэхүүнээ илгээсэн байгаа биз. Олимп дараа жил болох тул залуу үеэ эртнээс сойж байгаа нь зөв бодлого гэж дүгнэж болно.