Дорнод аймгийн төв Чойбалсан хотод гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаагийн нэрэмжит олон улсын боксын тэмцээн энэ сарын 17-нд эхлэх юм байна. Тэмцээнд Монгол, ОХУ, БНХАУ-ын ширэн бээлийтнүүд оролцохоо мэдүүлсэн гэнэ. Дорнодын Ё.Төмөрбатаа гэвэл боксын спорт сонирхогчид сайн мэднэ.
Уг нь тэр говь нутгийн хүн. Хуучин нийгмийн үед илгээлт авч Дорнод нутагт сууршин хүүхэд, залууст боксын эрдэм заасаар байж тал нутагтаа идээшин үлджээ. Түүний үүсгэн байгуулсан “Талын бүргэд” клубээс улсдаа байтугай тив, дэлхий, олимпын рингэнд шагшигдаж яваа тамирчин цөөнгүй төрөн гарсан.
“Рио-2016” олимпын наадмын хүрэл медальт, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай түүний унаган багш. Хоёр сарын өмнө эмэгтэй боксчдын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Л.Алтанцэцэг мөн түүний шавь. Улсдаа данстай дасгалжуулагч олныг бэлтгэн гаргасан ба Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, Б.Энхтайван нарыг нэрлэж болно.