Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Залуу хэлэлцээрчдийн академи, НҮБ-ын нийгэмлэг, НҮБ-ын залуу төлөөлөгчид хамтран “Залуу уур амьсгалын хэлэлцээрч” хөтөлбөрийг зохион байгуулж байна.
Энэхүү хөтөлбөр нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг гэрээ, хэлэлцээрүүдэд залуучуудын дуу хоолойг хүргэж оролцоог нэмэгдүүлэх, байгаль орчны төлөө үйлдэлд хөтлөх чадвартай, санаачилгатай залуусыг хөгжүүлэх, шаардлагатай ур чадвар, мэдлэгийг сургах зорилготой. Үүний хүрээнд 18-35 насны 2 залуусыг сонгон шалгаруулах юм.
Хөтөлбөрт хамрагдсанаар дараах боломжууд нээгдэнэ:
- Арабын Нэгдсэн Эмират Улсад зохион байгуулагдах Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц (Конвенц)-ийн Талуудын 28-р уулзалтад (COP28) Монгол Улсыг төлөөлөн оролцох багийн гишүүнээр бэлтгэгдэж, уур амьсгалын хэлэлцээрт оролцоно.
- Уур амьсгалын хэлэлцээрт оролцоход шаардлагатай 6 сарын онлайн сургалтад хамрагдах ба сургалт нь манлайлал, хэлэлцээр хийх, Конвенцын ажиллах механизм болон бусад техникийн сэдвүүдийг хамарна.
- Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг идэвхтэй, олон улс орны төлөөлөл залуучуудтай танилцаж нөхөрлөн, нэг анги болно.
Өргөдөл илгээгч нь дараах шаардлагыг хангасан байх ёстой:
- 18-35 настай (2023 оны 11-р сарын 25-ны байдлаар) Монгол Улсын иргэн
- Англи хэлний өндөр чадвартай (бичгийн болон ярианы)
- Конвенц, Талуудын уулзалт, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг улс төрийн суурь мэдлэгтэй
- COP28-с өмнө болох 6 сарын онлайн сургалтад бүрэн хамрагдах боломжтой
- COP28-д 2023 оны 11 сарын 30-с 12 сарын 12-ны хугацаанд бүрэн оролцох боломжтой
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа 2023 оны 5-р сарын 20-ны өглөө 08:00 цаг. Анкет: https://forms.gle/9u2nrcRWDyLdmE4q9