Катарын нийслэл Доха хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөх шатандаа орж, өнгөрсөн өдрүүдэд эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн жингийн медальтнууд тодорлоо. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд Г.Алтанбагана барилдах бол эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Б.Ням-Эрдэнэ нар зодоглоно.
Дэлхийн дэвжээнд гарах манай улсын хоёр бөхийн тухайд Г.Алтанбагана нь ДАШТ-ий V байр, Азийн наадмын мөнгө, Армийн дэлхийн аварга, Мастерс, их дуулга, гранпри тэмцээний нэг алт, дөрвөн мөнгө, зургаан хүрэл медальтай тамирчин юм. Энэ дэвжээнд медалийн төлөө барилдсан туршлага түүнд бий. Тэгвэл залуу мастер Б.Ням-Эрдэнэ нь өсвөр үеийнхний ДАШТ-ий хүрэл медальтай бөгөөд Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн өсөх ирээдүй бөх билээ.
Тэр өсвөр насандаа тив, дэлхийн медаль хүртсэн бөгөөд насанд хүрэгчдийн ангилалд анх удаа зодоглож буй юм. Монголын жүдо бөхийн баг тэмцээний тав дахь өдрийн байдлаар хоёр хүрэл медальтайгаар 99 орноос 12 дугаар байрт жагсаж байна.