Монгол бөхийн өргөөнд энэ сарын 14-нд “Арвайн үндэс” компанийн нэрэмжит улсын арслан цолны хүндэтгэл үзүүлэх 256 бөхийн барилдаан болно. Барилдаанд түрүүлсэн бөх таван сая, үзүүр бөхийг гурван сая төгрөгөөр шагнах юм.
Ардын хувьсгалын түүхэнд улсын арслан цолтой 53 бөх төрөн гарсан байдаг ба ууган цолтон нь Архангай аймгийн Ихтамир сумын харьяат Дүйнхордоржийн Далантай бол отгон арслан нь Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат Баярсайханы Орхонбаяр юм байна.
Улсын арслан цолтой бөхчүүдээр Архангай аймаг (14) тэргүүлдэг бол арслан цолтон төрөн гарсан 13 аймаг байна. Улсын арслан цолтон төрөөгүй найман аймаг байгаа юм.
А.Болдбаатар