Монголын нэр хүндийг олимп, дэлхийн тавцанд мандуулдаг спортын төрөл гэвэл гарын таван хуруунд багтана. Энэ өдрүүдэд тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн шилээ даран болоход манай улсын тамирчид амжилтын мэдээгээр булж байна.
ЖҮДОЧИД ДОХАД ХҮРЭЛ МЕДАЛЬ ИХЭРЛҮҮЛЭВ
Жүдогийн 18 тамирчинКатарын Доха хотыг зорьсоноос Ё.Басхүү, Л.Энхрийлэн нар дэлхийн хос хүрэл медальтан болсон, бөхдөө хайртай түмэн олон ихэд баярлана. Гэхдээ тэмцээн өндөрлөх болоогүй болохоор медалийн өнгөө хувиргах найдлага бас хол биш. Хүнд жингийн барилдаан өнөөдрөөс эхэлж байгаа ба медаль авах боломжтой бөх байгааг өнгөрсөн хугацаанд үзүүлсэн амжилтаас нь зарим жүдочийг дүгнэж болно.
ДУТУУГАА ГҮЙЦЭЭВ
Манай улсын 10 шилдэгширэн бээлийтэн Узбекистаны нийслэл Ташкент хотоос сайн мэдээтэй. Өчигдөр 63.5 кг-ын жинд Б.Чинзориг хүчтэй өрсөлдөгч Кубын тамирчныг илт давуу буулган авсанаар Монголын эрэгтэй боксчдын дэлхийн 12 дахь медалийг гартаа атгалаа.
Б.Чинзориг ясны тамирчин, гэхдээ түүнд дэлхийн медаль л дутаж байсан юм. Монголын эрэгтэй боксын дөрвөн жил тасарсан медалийг авлаа. Б.Чинзориг Армийн дэлхийн аварга болж, Ази тивээс аваагүй медаль үгүй.
Тэр маргааш мөнгөн медалийн төлөө Тажикистаны боксчин, Азийн аварга Б.Усмоновтой тулаан хийнэ.
Мөн сүүлд Б.Мишээлт 67 кг-ын жинд хүрэл медаль хүртэж, маргааш мөнгөн медалийн төлөө тулалдах юм.
ТУЙВАНЧДЫН ОЛИМПЫН ЗАМ ГЭРЭЛТЭЙ БАЙНА
Монголын хүндийн өргөлтийн тамирчид олимпоос бусад тэмцээнээс медаль авсан. Энэ өдрүүдэд БНСУ-ын Жинжү хотод хүндийн өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа бөгөөд манай улсаас гурван туйванч хүчээ үзэж байна.
Эмэгтэйчүүдийн 64 кг-ын жинд Г.Ануужин огцом, түлхэлттэй гэсэн хоёр төрөлд аваргалж, нийлбэр дүнгээр алтан медаль хүртэн төрийн дуулалаа эгшиглүүллээ. Бэртлээс эргэн ирсэн түүний олимпын зам гэрэлтэй байна. Тэгвэл өчигдөр гавьяат тамирчин М.Анхцэцэг 81 кг-ын жинд хоёр төрөлд хүрэл медаль хүртэж, нийлбэр дүнгээр гуравдугаар байрт орлоо.
М.Анхцэцэг гавьяат маань бэртэлтэй Солонгосыг зорьсон бөгөөд шүд зуун медаль аваад ирж байна.
А.Болд
Сэтгэгдэл (1)