Үндэсний бөхийн 16 дахь аварга, Ардын багш, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Одвогийн Балжинням өнөөдөр 63 нас хүрлээ. О.Балжинням аварга 63 жилийн өмнөх энэ өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн бөгөөд 1979 оноос самбо, жүдо бөхийн шигшээ багт тамирчнаар анхлан орсон.
1985 онд самбо бөхийн дэлхийн аварга болж, 1989 онд жүдо бөхийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуусгасан тамирчин юм. Үндэсний бөхийн зүлэг ногоон дэвжээнд 1984 оны наадмаар улсын заан Д.Цэнд-Аюушаар тав давж начин, 1989 онд улсын заан, 1991 оны наадмаар түрүүлж, 1994 оны наадмаар үзүүрлэсэн амжилтаараа аварга цол хүртэж байв.
Түүхт 70 жилийн ойн түрүү бөх тэрбээр Улсын баяр наадамд нийтдээ 17 удаа шөвгөрсөн байна. Жүдо бөхийн үндэсний шигшээ багийг удирдах хугацаанд олимпын наадмын мөнгө, хүрэл медальтан төрөн гарсан ба дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медальтан ч бий. Түүний бэлтгэн хүмүүжүүлсэн бөхчүүдээс одоо болж буй жүдо бөхийн ДАШТ-ээс хоёр медальт бөх төрөн гарсан байна.