Өнгөрсөн оны арван нэгдүгээр сарын 20-ны өдөр “Energy residence luxury” хотхоны барилга дээр ажиллаж байсан 30 настай ажилчин 15 давхраас унаж хүнд гэмтсэн талаар хуулийн хүрээнд шалгахгүй, ажилчны хохирлыг барагдуулахгүй байгааг хохирогчийн эгч Ж.Оюунбадам мэдээллээ.
Тэрбээр, “Хатан хишиг үндэс ХХК нь өнөөдөр хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа. Бүхэл бүтэн хүний амь нас, эрүүл мэндээр хохирчхоод байхад өнөөдөр үйл ажиллагааг нь хааж зогсоосон зүйл огт байхгүй. Одоогийн байдлаар дүүгийн маань тархи гэмтэлтэй, бусад нь гайгүй байна. Тухайн үедээ элэг, уушгины бяцралттай гэж байсан. Тэр нь удаан хугацааны явцад нөхөгддөг гэж эмч нар хэлсэн. Тархины хувьд манай улсад тийм нарийн мэргэжлийн юм байдаггүй учраас бид нар Солонгосын хэдэн эмнэлэгт хандсан. Тэднээс одоохондоо хариу ирээгүй байна. Дүү маань одоо гэрээр эмчилгээ хийлгэж байгаа.
Содон хийц ХХК болон Хатан хишиг үндэс ХХК хоорондоо хөдөлмөрийн гэрээ байгуулсан мөртлөө ажилтныхаа нийгмийн хамгаалал, хөдөлмөр хамгаалал тал дээр юу ч тусгаагүй. Тэгээд яагаад ийм чухал зүйлсийг гэрээндээ оруулаагүй юм бэ гэхэд “Бид нар мартчихсан байна лээ” гэсэн. Энэ юу гэсэн үг вэ? Хүний хөдөлмөр хүчийг ашиглаад ашиг орлого олж байгаа тэр компаниуд ийм хариулт өгч байна шүү дээ.
Тархины эхний хагалгаа Нийгмийн даатгалын сангаас хөнгөлөгдөөд 6 орчим сая төгрөгийн өртөгтэй болсон. Энэ зардлыг Хатан хишиг үндэс ХХК төлсөн. Үүнээс өөр ямар ч дэмжлэг туслалцаа байхгүй. Анх бол эмчилгээний зардлыг бүрэн даана, бидний 100 хувь буруу гээд захирал Д.Болор-Эрдэнэ алгаа хавсарч мөргөж гуйгаад явж байсан шүү дээ. Гэтэл одоо тийм юм байхгүй, тийм зүйл яриагүй гэж байна. Б.Төмөрбаатар захиралтай Содон хийц ХХК-д манай дүү 2017 оноос хойш ажиллаж байхад нийгмийн даатгалын шимтгэл огт төлөөгүй. Тэгсэн хэр нь энд тэнд маш их тендер авч барилга барьдаг. Ер нь нэг ч хүний нийгмийн даатгалыг огт төлөөгүй байна.
Дүү маань нэг охинтой, эхнэр, ээжийн хамт амьдардаг. Нэг сарын дараа группт орно. Хэрэг одоо Хан-Уул дүүргийн хоёрдугаар хэлтэс дээр шалгагдаад явж байгаа. Аль эрт шүүх дээр явж байх ёстой хэрэг одоо хүртэл шалгагдаад явж байна. Хуулийн байгууллага нь яаж ажиллаад байгааг мэдэхгүй юм. Тэгээд яагаад одоо хүртэл хэрэг ингэж удаашралтай явааг судлахаар УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн хамаарал бүхий компани юм байна. Тийм болохоор энгийн иргэн хүн өнөөдөр хуулиар яваад хаана ч хүрэхгүй ийм байдалтай байна” гэв.