Бага боловсролын залуу багш нарын ур чадварын уралдааныг нийслэлийн хэмжээнд зохион байгуулжээ. Тус уралдаан нь залуу багш нарын үйл ажиллагааг сурталчлах, хамтын ажиллагааг сайжруулж, хүүхэд бүрийг хөгжүүлэх, хичээл заах арга туршлагыг түгээн дэлгэрүүлж, ээлжит хичээлийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой юм. Уралдаан Хичээл заах ур чадвар, Самбарын бичиглэл гэсэн хоёр хэсэгтэй. Үүнд нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудаас шалгарсан 1-5 дахь жилдээ ажиллаж байгаа бага ангийн 16 залуу багш заах арга, ур чадвараа сорин өрсөлджээ.
- I байрт, Нийслэлийн 14 дүгээр сургуулийн бага ангийн багш О.Гантүшиг: 2-р ангийн “Математик” хичээлийн “Тойрог, дугуйг таних” сэдвээр,
- II байрт, Нийслэлийн “Өнөр” цогцолбор сургуулийн бага ангийн багш Э.Эрдэнэ-Оюун: 2-р ангийн “Монгол хэл” хичээлийн “Заан оготно хоёр” сэдвээр,
- III байрт, Нийслэлийн 35 дугаар сургуулийн бага ангийн багш Б.Өлзийхутаг: 5-р ангийн “Хүн байгаль” хичээлийн “Ургамлын амьдралын эргэлт” сэдвээр,
- Тусгай байрт, Нийслэлийн “Хангай” цогцолбор сургуулийн бага ангийн багш Б.Отгонцэцэг: 3-р ангийн “Математик” хичээлийн “Тойрог, дугуйг таних” сэдвээр,
- Тусгай байрт, Нийслэлийн 48 дугаар сургуулийн бага ангийн багш Д.Энхтуул: 2-р ангийн “Хүн орчин” хичээлийн “Улирлын өөрчлөлт ба хүмүүсийн амьдрал” сэдвээр хичээл зааж, шилдгээр шалгарчээ.
Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, сурагчдын анхаарлыг татахуйц сонирхолтой хичээл зааж, оновчтой арга зүйг сонгон хэрэглэж, ур чадвараа сорин залуу багш нар идэвх санаачлагатай оролцсон юм. Уламжлал болгон 25 дахь жилдээ зохион байгуулагдсан энэ удаагийн уралдааны ерөнхий ивээн тэтгэгчээр “Нийслэлийн залуу багш нарын холбоо”, “Номын анд” ТББ, “Оюунлаг сайн үйлс” ХХК ажиллажээ.