Катарын нийслэл Доха хотод даваа гаригт эхэлсэн жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тэхий дундаа ороход Монголын баг хүрэл медалийг ихэрлүүлэн 99 орноос наймдугаар байрт жаслаа. Олимпын наадмын өмнөх дэлхийн дэвжээ хатуу, гэхдээ манай жүдочид өнгөтэй байна. Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Л.Энхрийлэн хүрэл медаль хүртэн өнгөрсөн жилийн амжилтаа найман тэрбум хүний өмнө баталлаа.
Дэлхийн данстай тамирчин гэдгээ өчигдөр нотолсон Л.Энхрийлэн медалийн тавцанд гарах замдаа Шинэ Зеландын Кристи Куона, Израилын Нельсон Леви, Канадын Жессика Климкейт нарыг өмнөө сөхрүүлжээ.
Хөлсгүй гурав давсан тэрбээр хагас шигшээд Канад улсын иргэн Япон гаралтай, 2019 оны дэлхийн аварга Криста Дегүчид вазари үнэлгээгээр дийлдэж, хүрэл медалийн төлөө барилдах өндөр хариуцлагын өмнө ирсэн. Криста Дегүчи саадгүй түрүүлсэн бөгөөд манай жүдоч түрүү бөхөд яах аргагүй унасан. Медалийн төлөөх барилдааныг монголчууд сэтгэл доглон үзлээ.
Өдгөө 24 настай Л.Энхрийлэн маань БНСУ-ын бөх Хо Ми Минийг нэмэлт цагт торгуулиар ялснаар дэлхийн хос медальтан болох нь энэ. Бахтай барилдсан даа. Монголын жүдочид дэлхийн дэвжээнд 50 дахь жилдээ зодоглоход Л.Энхрийлэн ДАШТ-ий 29 дэх медальтан, 20 дахь хүрэл медалийг эх орондоо авчирлаа. Тэр медаль авсан, ханах арай болоогүй. Парисын дэвжээнээс дэлхийн медалиа ихэрлүүлэн зогсох өдөр ойрхон байна.
Сэтгэгдэл (1)