Монголын “Боловсролын хөтөлбөр” нийгмийг доргион яригдаж буй энэ эгзэгтэй цаг үед Нийслэлийн ерөнхий боловсролын 151 дүгээр сургуулийн “CAMBRIDGE LOWER SECONDARY” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. УИХ-ын гишүүн Н.Учрал, Э.Батшугар нарын санаачилгаар Англи улс дахь "Cambridge Assessment International Education" байгууллагатай хамтран Кембриджийн хөтөлбөрийг нэвтрүүлэх, заах арга зүйч бэлтгэх сургалтыг зохион байгуулж, Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 151-р сургуулийн багш нарыг хамруулжээ.
Хөтөлбөрийн нээлтэд, УИХ-ын гишүүн Н.Учрал, Э.Батшугар, “Royal” Олон Улсын Их Сургуулийн төлөөлөл болон 151 дүгээр сургуулийн удирдлагууд, багш, ажилчид, сурагч, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцлоо. Тус сургуулийн захирал П.Хувьзаяа нээж үг хэлэхдээ, “Манай сургууль нь Кембриджийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд 5 дугаар ангийн сурагчдад 2023 оны 5 дугаар сарын 1-нээс эхлэн хичээл сургалтын үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүйгээр англи хэлний хичээлийг туршилтын хөтөлбөрөөр заан хичээллэж байна. Цаашид сургуульд үндэсний хөтөлбөрийг Кембриджийн хөтөлбөртэй хослуулан эрүүл бие, саруул ухаан, сайхан сэтгэлтэй дэлхийн монгол иргэнийг бэлтгэн ажиллахад бэлэн байна” хэмээв. Улмаар ирэх хичээлийн жил буюу 9 дүгээр сарын 1-нээс эхлэн 6 дугаар ангийнханд Кембриджийн хөтөлбөрийн дагуу байгалийн ухааны дөрвөн хичээлийг англиар зааж эхэлнэ.
Өндөр боловсролыг өндөр төлбөртэй хувийн сургуулиас бус өөрийн харьяа дүүргийн сургуулиасаа авдаг болох, ОУ-д хүлээн зөвшөөрөгдсөн сертификаттай төгсөх, гадаадын их дээд сургуулиас тэтгэлэгт хамрагдах боломжтой болох зэрэг нь Кембриджийн хөтөлбөрт шилжих, түүнийг хэрэгжүүлэхийн гол зорилго хэмээн УИХ-ын гишүүн Н.Учрал ярилаа.
Мөн УИХ-ын гишүүн Э.Батшугар “Н.Учрал гишүүн бид хоёр 2021 оны нөхөн сонгуулиар гарч байхдаа Сонгинохайрхан дүүргийн иргэдэд өгч байсан боловсролын тэгш боломжийг дүүргийнхээ ард иргэдэд олгоно гэсэн амлалт маань өнөөдөр биелж байгаад сайхан байна. Энэ сургууль Улаанбаатар дахь олон улсын сертификаттай дөрөв дэх сургууль боллоо” гэв.
Нийслэлийн 151 дүгээр сургуулийн англи хэлний багш Төмөрхүү, “2022 оны 10 дугаар сараас эхлэн таван долоо хоногийн хугацаанд багш нарыг бэлтгэх хөтөлбөр явагдсан. Энэ хөтөлбөр нь маш их давуу талтай. Тухайлбал, Кембриджийн хөтөлбөрөөр төгсөөд хүүхдүүд дэлхийн 160 хүлээн зөвшөөрөгдсөн шалгалт өгч байна гэсэн үг. Эхний ээлжинд зөвхөн 6 дугаар ангийнханд энэ хөтөлбөрөөр орж эхлээд нөөц боломж хангалттай бол бусад ангийнханд орж эхлэх байх” хэмээн онцоллоо.
Кембриджийн Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр хүүхдүүдийн англи хэлний түвшин нэмэгдэж, мэдэгдэхүйц ахиц дэвшил гарч байгаа талаар сурагчид болон эцэг эхчүүд ярьж байлаа. Энэхүү хөтөлбөрийг Сонгинохайрхан дүүргээс сонгогдон гарсан гишүүд улсын төсвөөс огт хамааралгүйгээр хэрэгжүүлж байгааг онцлууштай. Тус сургууль нь 2020 онд тойргийн гишүүдийн санаачилгаар, БНХАУ-ын Засгийн Газрын буцалтгүй тусламжаар байгуулагдсан юм. Байгуулагдаад гурван жилийн дараа ийнхүү сургалтын шинэ хөтөлбөрөөр хичээлийн үйл ажиллагаагаа явуулж эхэлж байна.