Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Чойжин ламын сүм музей байгуулагдаад 115, музей болоод 85 жил болж байна. Манайх төвийн халаалт, төвлөрсөн шугамд холбогдоогүй. Гүнийн худгаар ундны болон хэрэглээний усаа хангадаг. 20 ажилтантай үйлчилгээний байгууллага. Музейг төвийн халаалтад холбож болох эсэх талаар мэргэжлийн байгууллагад хандсан. Халаалт тавихын тулд дулаан алдалтыг нь арилгах хэрэгтэй гэсэн.
Сүмийн урдуур өрлөг өрөөд, пин барина гэсэн үг. Айл биш үзвэр үйлчилгээний газар болохоор үзэгчдэд үргэлж үүд хаалга дэлгэх учир дулаан алдалтыг алга болгох боломжгүй. Тиймээс халаалт тавихгүйгээр үр хойчдоо өдгөө байгаа өнгө төрхөөр нь өвлүүлэх тухай ажиллаж байна.
Намайг энэхүү байгууллагын захирлаар 2010 онд ажиллаж эхлэхэд тухайн музей кадастрын зураггүй, гэрчилгээгүй явж ирсэн байсан. Манай музейн дөрвөн газрыг дөрвөн иргэн, хуулийн этгээд өөрийн эзэмшилд авч, кадастр, гэрчилгээтэй болж, зарим нь барилга байгууламж барьсан. 13 жилийн турш музейн ажил хийхээс гадна тухайн газруудыг буцааж авчрах ажлыг манай хамт олон хийсэн. Гурван шатны шүүх дээр таван маргааныг эцэслэн шийдүүлж, музей газраа эргүүлж авсан. Хамгийн анхны газраа баталгаажуулж авсан.
Музей авто зогсоолтой байх ёстой. Музейн стандартыг дэлхийн жишигт нийцүүлэх хэрэгцээ шаардлага тулгарч байна. Манай байгууллагын хойно сүндэрлэж буй Ядам сүмийг АНУ-ын санхүүжилтээр 200 мянган ам.доллароор сэргээн засварлаж байгаа. Олон улсын анхааралд музей маань хүрсэн. Өнөөдөр яригдаж байгаа сан хөмрөг, үзэсгэлэнгийн танхим Засгийн газрын хөтөлбөрт орсон. Ус агаар байхгүй бол хүн амьдарч чадахгүйтэй адил музей үзэсгэлэнгийн сан хөрмөгийн өрөөгүйгээр оршин тогтнох боломжгүй" гэв.