Катарын нийслэл Доха хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гурав дахь өдрөө болж байна. Энэ тэмцээнд таван тивийн 99 орны нийт 657 (эрэгтэй 343, эмэгтэй 314) тамирчин хүч үзэж байгаа бөгөөд маргааш эрэгтэйчүүдийн 81, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жингийн барилдаан болох юм. Б.Ганхайч бэртлийн улмаас өнжих бол Г.Болор-Эрдэнэ 81 кг-ын жинд эх орноо төлөөлнө. Тэгвэл энэ жинд нэгэн цагт Монголыг төлөөлөн олимпын дэвжээнээс мөнгөн медаль хүртэж явсан Саейд Моллай маргааш Азербайжан улсын нэр дээрээс дэлхийн дэвжээнд барилдах юм байна. Саейд Моллай нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 2017 онд хүрэл, 2018 онд алтан медаль хүртэж байв. Тэрбээр Монгол Улсын нэр дээр барилдахдаа “Токио-2020” олимпын наадмын мөнгө, Бишкект болсон Азийн АШТ-ээс мөнгө, их дуулга тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртэж байжээ.
Сэтгэгдэл (2)