Киргизстан Улсын Бишкек хотод 5 дугаар сарын 5-7-ны өдрүүдэд Ази тивийн аварга шалгаруулах туухай өргөлтийн тэмцээн болж Монгол Улсаас 14 тамирчин оролцлоо. Эдгээр тамирчид нь Зэвсэгт хүчний 029, 150, 232, 330 дугаар ангийн офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагч, сонсогчид юм.
Тамирчид маань 11 алт, 11 мөнгө, 4 хүрэл нийт 26 медаль хүртжээ. Тус тэмцээнд 8 орны 400 гаруй тамирчин оролцсоноос монгол тамирчид ийнхүү арвин амжилттай оролцож нутагтаа ганзага дүүрэн ирэх гэж байна.
Тэмцээний эхний өдрийн амжилтыг бид өичгдөр мэдээлсэн бол сүүлийн өдөр буюу өчигдөр манай тамирчдаас,
- “U23” өсвөр насны ангиллын 78 кг жинд ахлах түрүүч О.Золбаяр (150) огцом өргөлтөөр алт,
- Насанд хүргэгчдийн ангиллын 95 кг жинд ахлагч Э.Ирээдүй (330) огцом өргөлтөөр алт,
- тус жинд ахлах ахлагч Б.Найдансүрэн (150) хүрэл медаль,
- Мөн “U35-39” насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд,
- -68 кг жинд сургагч ахлагч П.Ганзаяа (232) огцом өргөлтөөр алт,
- +68 кг жинд ахлах дэслэгч С.Ууганцэнгэл (330) огцом өргөлтөөр алтан медаль тус тус хүртэж амжилтын буухиагаа үргэлжлүүлжээ.
Ингэснээр ахлах дэслэгч С.Ууганцэнгэл, сургагч ахлагч П.Ганзаяа нар туухай өргөлтөөр Азийн хошой аварга болж, цэргийн гэрээт алба хаагч, ахлах түрүүч О.Золбаяр нэг алт, гурван мөнгөн медалийн эзэн боллоо.
Багийн дасгалжуулагч, ахлах ахлагч Л.Билэгтбаатар (150) явсан юм. Тэрбээр, “Манай тамирчид 26 медаль хүртэж, монгол хүн тэр дундаа монгол цэрэг ямар хүчтэй, нөөц бололцоо ихтэй байдгийг батлан харуулсандаа баяртай байна. Дэлхийн 8 орны 400 гаруй тамирчин оролцож байгаа энэ том тэмцээнээс бүх төрөлд нь медаль хүртэнэ гэдэг бол бахархам биз. Тэмцээний хаалтын ёслолын үеэр Олон улсын гийрийн спортын зөвлөлийн ерөнхийлөгч Солодов Игорь Петрович монгол тамирчдын амжилтад баяр хүргэж, 2023 оны 9 дүгээр сард Узбекстан Улсад зохион байгуулагдах Дэлхийн аварга шалгаруулах туухай өргөлтийн тэмцээнд оролцохыг албан ёсоор урьсан. Мөн 2024 оны Азийн аварга шалгаруулах туухай өргөлтийн тэмцээнийг Монгол Улс зохион байгуулах тухай санал дэвшүүлж, харилцан ярилцсан. Энэ талаар бид бүхэн холбогдох байгууллага, холбоодод нь уламжилна” гэв.