Төрийн захиргааны төв байгууллагуудаас Зам, тээврийн хөгжлийн яам 100 хувьтай тэргүүлж байна. Яамдын дундаж үзүүлэлт 85.8 хувиас 92 хувь болж өслөө.
Төрийн захиргааны байгууллагуудын дундаж үзүүлэлт 2023 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн байдлаар 53.2 хувь байсан бол 65.41 хувь болж, 12.2 хувиар өссөн байна. Татварын ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар ил тод байдлын үнэлгээгээр тэргүүлсээр байгаа юм.
Нутгийн захиргааны байгууллагуудын дундаж үзүүлэлт 2023 оны дөрөвдүгээр сарын 24-ний байдлаар 46.3 хувь байснаасаа 54.41 хувьд хүрч, 8.1 хувиар өссөн байна. Орхон, Хэнтий аймгууд 90-ээс дээш хувийн үзүүлэлттэй байгаа бол Архангай аймаг 31.6 хувь байна.
Дүүргүүдийн хувьд дундаж үзүүлэлт сүүлийн 2 долоо хоногийн хугацаанд ердөө 0.5 хувь буюу нэн бага хэмжээгээр өслөө. Багануур дүүрэг бусдыгаа 76.05 хувиар тэргүүлж, Сүхбаатар сүүл мушгисан хэвээр байна.
Shilen.gov.mn”-д 1 сая 467 мянган хандалт бүртгэгджээ
Нийтийн мэдээллийн нэгдсэн талбар shilen.gov.mn систем 2023.03.27-нд нээгдсэнээс хойш 1,467,558 удаагийн хандалт бүртгэгдэж, 57,123 мөр өгөгдөл мэдээллийн санд ил тод байршуулаад байна.
Хэвлэл мэдээлэл, ТББ-ууд, зарим иргэд сайтад зочилж, илүү хялбар ойлгомжтой болгосон баримт мэдээлэлтэй танилцах, лавшруулан судлах хэвшил тогтоод байгаа юм. Авилгын эсрэг 5Ш хөтөлбөрийн “Шил” ажиллагааны үндэс нь олон нийтийн хамтын хяналтыг тогтооход оршиж байна гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.