Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтохын нэрэмжит, аварга цолтонд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан өнгөрсөн амралтын өдрөөр Монголын бөхийн өргөөнд болов. Барилдаанд аварга цолтон зодоглоогүй ч зургаан аварга хүрэлцэн ирсэн юм. Амьд сэрүүн аварга цолтой 12 бөх байдгаас тал нь иржээ.
Барилдааны дундуур төв индэрт улсын аварга П.Бүрэнтөгсийг орж ирэх үеэр гарди Д.Рагчаа “Өндөр аварга”-ын амар мэндийг түрүүлэн асуухын зэрэгцээ урьтаж хөөрөг залж буй нь өөрөөсөө дээд цолтноо хүндэтгэх монгол бөхийн ёс уламжлал ямар байх ёстойг энгийн мэт боловч их утга агуулсан үйлдлээрээ тод харуулав.
Аварга П.Бүрэнтөгс, гарди Д.Рагчаа нар 2012 оны Улсын баяр наадмын түрүү булаалдсан бөхчүүд, мөн луу жилтнүүд юм. Гарди Д.Рагчаа аварга П.Бүрэнтөгсөөс насаар 12 ах гэлээ ч цолоор бага учир түрүүлэн мэндчилж байгаа нь эртнээс бидэнд өвлөгдөн ирсэн монгол бөхийн ёс мөн үү гэвэл мөн. Бөхчүүд энэ ёс уламжлалыг олон жил тээж авч өдийтэй золгуулсан бөгөөд цаашид ч авч үлдэх ёстой. Ёс жудгаа гээх шахсан зарим залууст энэ үйлдэл сургамжтай юм болов уу.
Сэтгэгдэл (6)