Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтохын нэрэмжит улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан өнгөрсөн амралтын өдрөөр Монголын бөхийн өргөөнд болов. Энэ барилдаанд онцгой сайн барилдсан бөх гэвэл Увс аймгийн Хяргас сумын харьяат, аймгийн начин Цэрэнчимэдийн Билэгсайхан байсан бөгөөд тэр дөрөв давлаа.
Тавын даваанд энэ барилдааны түрүү бөх улсын заан М.Лхагвагэрэлд унасан болохоос биш нэгийн даваанд аймгийн заан Х.Бөхбаярыг, хоёрын даваанд улсын начин Б.Сангисүрэнг, гурвын даваанд улсын заан Б.Бат-Өлзийг, дөрвийн даваанд улсын заан Н.Жаргалбаярыг давсан юм. Улсын заан цолтой гурван бөхтэй дараалан барилджээ.
Ц.Билэгсайхан нь өдгөө 28 настай, есөн жилийн өмнө сумын заан цол хүртэж, дараа жил нь цолоо баталсан. 2020 оны баяр наадмаар тав давж аймгийн начин цол хүртжээ. Түүний тавын даваанд гарч ирэхдээ унагасан бөхчүүдээс заан Б.Бат-Өлзий, Н.Жаргалбаяр нар бэлтгэл сургуулилт сайтай байгаа. Тус барилдаанд түрүүлэх бөхөөр нэрлэгдэж байсан бөхчүүд юм.