Спортын төв ордны А зааланд чөлөөт бөхийн ДАШТ-ий хошой мөнгөн медальт, гавьяат тамирчин Б.Болдын нэрэмжит зургаа дахь удаагийн ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн болж, 51-55 насныхны -100 кг-ын жинд гавьяат тамирчин, дархан аварга А.Сүхбат алтан медаль хүртлээ. Түүний барилдсан жинд ӨМӨЗО-ны Хасбагана мөнгө, Д.Бадамхорол хүрэл медаль хүртэв.
А.Сүхбат нь чөлөөт бөхийн төрлөөр 1997 онд Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртэж, ОУХМ цолтой бөгөөд сонгомол барилдаанаар Зүүн Азийн наадмаас мөнгөн медальтай юм. “Жижиг аварга” тус барилдааны үеэр “Москва-1980” олимпын наадамд эх орноо төлөөлөн барилдаж явсан Ө.Насанжаргалын хөлний мэс заслын эмчилгээнд хандив өргөжээ.