Монгол Улсын анхны “Мөсөн өргөө”-д ОХУ-ын уран гулгалтын шигшээ багийн 16 тамирчин анх удаа шоу тоглолтоо толилуулж, хурсан олны мэлмийг баясгаж, сэтгэлийг тултал хөдөлгөлөө. Оросын гулгагчид олон улсын тэмцээн уралдаанд оролцох эрхээ хасуулсан нь монголчуудын хувьд дэлхийн оддыг дэргэдээс үзэх аз завшаан тохиосон нь энэ билээ. Нэгэнтээ тэмцээн уралдаанд гал хөлгөөрөө хүч сорих боломжгүй болсон болохоор хойд хөршийн гулгагчид Монголын мөсөн талбайд биеийн чилээгээ гаргах сайн хэрэг болсон биз ээ.
Шоу үзүүлбэр хоёр хэсэгтэй. Эхний хэсэгт бол мэргэжлийн үзүүлбэр зохилно, угтаа саяхан японд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдсөн бол тэд энэ номероо бэлтгэн оролцох байсан болов уу. ОХУ-ын уран гулгалтын баг ДАШТ-д үзүүлэх нууц номеруудаа бидэнд дэлгэсэн хэрэг. Гоёмсог амралтын өдөр өнгөрсөн юм. Харин хоёр дахь нь чөлөөт үзүүлбэр ба Монгол-Оросын найрамдалт харилцааг шингээж, эх дэлхийг дайн дажингүй энх амгалан байхыг хөгжмийн уран сонголт, бүжгийн дэглэлтээр илтгэж байна.
Монголд ирсэн баг бүрэлдэхүүнээс хамгийн оргил формтой уран гулгагч бол Камила Валиева байсан бөгөөд зөвхөн түүнийг харахаар ирсэн хүн олон байгаа нь мэдрэгдэнэ. Үзүүлбэрээ дуусгах бүрт нь мөсөн талбайд чихмэл тоглоом, баглаа цэцэг харамгүй шидэж, алга ташилтаар угтаж, мөн үдэж байлаа. Бээжингийн олимпын наадмаас хойш ийм олон үзэгчийн өмнө гулгаагүй байсан Камила Валиева эхний өдөр хөл алдан унасан, сандарсан биз.
Хэдий тэр бидний нүдэнд дэлхийн том тамирчинд тооцогдох боловч долоо хоногийн өмнө ердөө 17 нас хүрсэн бяцхан охин. Хоёр дахь өдөр нь, түүний үзүүлбэрийн ая тасарсан, нэгэн бүтэлгүй сэтгүүлч хөлөө хөгжмийн залгуурыг хөндөж. Камила Валиева өөрийн хүсэлтээр дахин тоглосон, тэр их хичээж гулгасан. Монголчууд олимп, дэлхийн хэмжээний гоёмсог үзүүлбэрүүдийг үзэж чадлаа. Большое спасибо Камила Валиева.
Хөгжийн ая тасарсан, гэхдээ тэр манай үзэгчдийн таван минутын тасралтгүй алга ташилтан дунд үзүүлбэрээ дуустал үзүүлэхдээ топ тамирчны чанарыг харуулдаад буулаа. Энэ шоу үзүүлбэрт ирсэн бүх уран бүтээлч оросыг олимп, дэлхийд төлөөлөх хэмжээний тамирчид юм. Арга хэмжээг 500 сая орчим төгрөгт төсөвлөсөн бөгөөд сайн санааны үндсэн дээр хямдруулсан гэдгийг дахин сануулъя.
Эхний өдрийн арга хэмжээнд уран гулгагчид алдаа гаргах, хөл алдах тохиолд гаргасан ба “Степп арена” ордны мөсний чанартай холбоотой байж мэднэ. Дараа дараагийн тамирчид мөсөн талбайд гарахдаа халаалтынхаа хугацааг нэмсэн. Зарим нь мөсөн талбайг 3-4 тойрч байж дасах юм билээ.
ОХУ-ын уран гулгалтын холбооны удирдлагууд өнгөрсөн жил манай улсын цор ганц мөсөн талбайтай танилцах үеэрээ мөсний хатуулаг, гэрэлтүүлэг, дууны дугаралт зэргийг нүдээр үзээд явахдаа сайжруулахыг санал болгосон л доо. “Степп арена”-гийн техникийн ажилтнууд эрвийх дэрвийхээрээ л ажилласан. Монголын үзэгчдийн мэлмийг үнэхээр баясгалаа, энэ арга хэмжээг зохион байгуулсан бүх хүнд баярлалаа.
А.Болд
Сэтгэгдэл (3)