“Киев-1983”, “Будапешт-1985” насанд хүрэгчдийн ДАШТ-ий хошой мөнгөн медальт, “Шинэ Дели-1982” Азийн наадмын аварга, “Скопье-2018” мастеруудын дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Буяндэлгэрийн Болдын нэрэмжит чөлөөт бөхийн мастеруудын Улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн 5 дугаар сарын 6, 7-нд Спортын төв ордонд болж буй.
Мастеруудын Улсын аварга шалгаруулах 6 дахь удаагийн энэхүү тэмцээнд Азийн АШТ-ий мөнгө, хүрэл, Зүүн Азийн наадмын мөнгөн медальт, Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, Гавьяат тамирчин, дархан аварга Агваансамдангийн Сүхбат “D” (51-55 нас) ангиллын 100 кг-ын жинд барилдаж байна.
Ердөө сар гаруйн өмнөөс Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооны ерөнхийлөгчөөр ажиллах болсон түүний хувьд хамгийн сүүлд 2000 оны насанд хүрэгчдийн улсын аваргын тэмцээнд 97 кг-ын жингийн финалд ОУХМ Ганзоригийн Ганхуягийг ялж тав дахь түрүүгээ хүртэж байв. А.Сүхбат аварга 23 жилийн дараа ийнхүү чөлөөт бөхийн дэвжээнээ зодоглож байна.
Тус тэмцээнд Монгол, ОХУ, БНХАУ, Казахстан, Швед гэсэн таван орны бөхчүүд өрсөлдөж байгаа аж.
Сэтгэгдэл (3)