Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, даяар дуурсагдах, далай даян дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтохын нэрэмжит, Улсын аварга цолны хүндэтгэл барилдаан өчигдөр буюу 5 дугаар сарын 6-ны бямба гарагт болсон юм.
Тус барилдаанд Завхан аймгийн Яруу сумын харьяат, "Даян" дэвжээ, "Хилчин" спорт хороо, "Жем Интернэйшнл" ХК, Хилийн цэргийн 0208 дугаар ангийн бөх, улсын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл түрүүлж, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, "Дүнжингарав" дэвжээ, "Сүлд" спорт хороо, Заамар Өгөөмөр Хайрхан ХХК, Дорнын Өртөө ХХК-ийн бөх, улсын начин Доржхандын Хүдэрбулга үзүүрлэлээ.
Их шөвөгт, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, улсын гарьд Мягмарын Бадарч, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, улсын харцага Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ нар шалгарсан юм. Харин шөвгийн наймд, улсын харцага Ц.Бямба-Отгон, улсын харцага Б.Цэдэнсодном, улсын начин Б.Бадамсүрэн, улсын начин Б.Лхагвадорж нар барилдлаа.