Монгол Улсын Ерөнхийлөгч 2003 онд жил бүрийн 05 дугаар сарын эхний ням гаргийг Монголын үндэсний бичиг үсгийн баярын өдөр болгон зарлиг гаргасан билээ.
Ийнхүү Үндэсний бичиг үсгийн баярын 20 жилийн ойн баярын ёслол өнөөдөр 11:20 цагт Монгол Улсын Үндэсний номын сангийн гадна талбайд эхэллээ. Номын сангийн үүдэнд Монгол орны газрын зургийг байрлуулжээ. Монголын Үндэсний Номын Сангийн захирал Б.Ичинхорлоо нээж үг хэлэхдээ, “Бид “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг тэмдэглэж эхэлсэн 20 жилийн ойд зориулан үндэсний бичигтэн монголчууд өөрийнхөө гарын үсгийг Монгол Улсынхаа газрын зураг дээр газар тэнгэрийг холбон бичиж эх орон, үндэсний үзэл санаа, үндэсний бичиг үсэг маань мөнх байгаа шүү гэдгийг зарлан тунхаглах гэж байгаа юм” гэв.
Баярын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн соёл, шашны бодлогын зөвлөх, доктор Д.Бум-Очир үг хэлэхдээ, “Монгол бичгээ мэдэхгүй бол монгол хэлээ мэдэхгүй болоход нэг алхам ойртож байгаа хэрэг. Монгол хэлээ мэдэхгүй бол монгол соёлоо мэдэхгүй болоход бас нэг алхам ойртож байгаа хэрэг. Монгол түүх соёлоо мэдэхгүй бол Монголын тусгаар тогтнолоо үнэлэх чадвараа алдахад нэжгээд алхам ойртож байгаа хэрэг.
Учир нь монгол бичиг гэдэг бол монгол хэлний нэгэн чухал үндэс. Монгол хэл бол Монголын түүх соёлын нэгэн чухал үндэс. Монголын түүх соёл бол тусгаар тогтнолын хамгийн чухал үндэс.
Тиймээс үндэсний тусгаар тогтнолд хувь нэмрээ оруулж байгаа гэж бодож монгол бичгээ сураарай хэмээн хүүхэд залуусаасаа хүсмээр байна” хэмээн онцоллоо.
Үндэсний бичиг үсгийн баярт МУИС-ийн Хэл шинжлэлийн тэнхим, АШУҮИС, Занабазар арт фестиваль хамтран ажиллаж буй. Уг арга хэмжээг МҮОНТ шууд дамжуулж байна.