БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар яармагт сүндэрлэсэн “Буянт-Ухаа” спортын ордны засвар үйлчилгээний ажлын явц хэвийн байна. 13 жилийн хугацаа өнгөрөхөд өдий зэргийн засвар, томоохон үйлчилгээ огт хийгээгүй юм. Энэ ордонд манай улсын олон тэмцээн уралдааныг зохион байгуулж, олон улсын чанартай голлох тэмцээнийг энд нугалдаг. Гадныханд нүүр тахлах манай улсын спортын ганц ордон нь.
Тус ордны засвар үйлчилгээний ажлын явцтай танилцахаар Биеийн тамир, спортын улсын хорооны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл нарын албан хүмүүс өчигдөр тус ордноор зочилжээ. Засвар үйлчилгээний хүрээнд их танхим, VIP өрөө, үзэгчдийн суудлын ард дуу шингээх хана, давхар цонх хийж дулаалах, автозам засварлаж, шалыг бүхэлд нь сольсон байна.
Энэхүү ордон нь Монгол-БНХАУ-ын Засгийн газрын эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрүүдийн хүрээнд байгуулагдаж, 2010 онд ашиглалтад орсон билээ.