УИХ-ын ээлжит чуулган өнөөдөр 10:00 цагт эхэллээ. Чуулганы үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр үг хэлж асуулт асуулаа.
Тэрбээр, “Улс орны хөгжил бол хүний хөгжил. Хүний хөгжлийн асуудал ярихаар боловсролын хуультай салшгүй холбоотой. Олон улсын байгууллагууд танай хөгжлийн мухардал юутай холбоотой вэ гэхээр, уул уурхайдаа анхаарал тавьдаг шигээ боловсролдоо та нар анхаарсангүй гэдэг дүгнэлтийг хэлдэг.
Боловсролын шинэчлэлийг ярихдаа бид өнгөрсөн 30 жилийн алдаандаа хариулт өгөх ёстой. Энэ хугацаанд боловсрол эзэмшсэн бүх хүн ажил хийж чадаж байна уу, хүүхэд залуус одоо хүссэн боловсролоо эзэмшиж чадаж байна уу гэх мэт олон асуултад хариулт өгөх ёстой, маш том хууль.
Хүүхдийн ирээдүйн боловсролын түвшинд хамгийн чухал хүчин зүйлүүдийн нэг бол эцэг эхийн боловсролын асуудал. Хүүхдээ боловсролтой болгоход эцэг эхийн нөлөө асар их байдаг. Эдгээрт энэ хуулиар бас хариулт өгч байгаа байх. Мөн боловсролын салбарын доголдол бол эдийн засгаар баталгаажаагүй. Манай улсын төсвийн хэдэн хувь нь боловсролд зарцуулагдаж байна вэ гэдэг асуудал нэн чухал байна” гэв.