Зөвхөн хэвлэл мэдээллийн салбар гэлтгүй эрх чөлөөт улс орны хэн бүхэнд хамаарах дэлхийн “Хэвлэлийн эрх чөлөө”-ний өдөр тохиож байна. "Нууц.мн" сайтын сэтгүүлч С.Будрагчаа хэвлэлийн эрх чөлөө, Монголын сэтгүүл зүйн нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийллээ.
Хэвлэлийн эрх чөлөө жилээс жилд өдрөөс өдөрт хумигдаж байна. Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөөний индекс зөвхөн өнгөрсөн онд л гэхэд 22 байраар ухарч, дэлхийн 180 орноос 90 дүгээрт эрэмбэлэгдсэн нь үүний хамгийн гол баталгаа болж байна.
Эрх баригчид сэтгүүлчдийн төдийгүй иргэд, олон нийтийн амыг барих, өөрсдийг нь аялдан дагаагүй болгоныг нухчин дарахаар онцгой ихээр улайрах болов. Тийм ч учраас тэд хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг бус харин сэтгүүлчдийн үйл ажиллагааг, тэр тусмаа мэдээлэл хайх, олж авах үйл явцыг нь хясан боосон хууль батлахыг л илүүтэйд үзэж байна. Хамгийн сүүлд л гэхэд ердөө хоёрхон хоногийн дотор “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль” гэгчийг баталсан нь үүний бодит илрэл мөн.
Сэтгүүлчид эрх мэдэлтэн, албан тушаалтны хууль бус үйлдлийг баримттайгаар илчилснийхээ төлөө цагдаа хуулийн байгууллагынханд шалгагдаж, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, сэтгэл санаагаар хохирох боллоо. Харин буруу булхай нь баримттайгаар илчлэгдсэн дарга сайд нар хуулийн болон ёс зүйн хариуцлага хүлээсэн нь огт үгүй.
Энэхүү дарамт шахалтыг тэсэж тэсвэрлэх боломж шинэ залуу сэтгүүлчдэд огт байхгүй нь тодорхой. Авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцсэнийхээ төлөө яллагдагчаар татагдаж, цагдаагийн байгууллагын “хаалгыг сахина” гэдэг хэний ч хүсэх зүйл биш. Сэтгүүл зүйн салбарт ажиллах нь битгий хэл энэ мэргэжлээр сурах оюутны тоо ч жилээс жилд огцом цөөрч байгааг Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч Д.Дагиймаа хэлж байна.
Монгол Улсын эрх баригчид 2021-2022 онд сэтгүүлчдийн үйл ажиллагааг хязгаарласан хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааг үүрэгжүүлсэн 68 зүйл заалтыг хууль тогтоомж, эрх зүйн актад хулгайгаар оруулсан болохыг “Глоб интернэшнл” ТББ судалгаагаараа илчилсэн.
Хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлах явдал цаашид энэ хэвээр үргэлжилсээр байх аваас Монгол Улс хэзээ мөдгүй дарангуйлалд орох болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид та бүхнийг өөрсдийн болон нийт улс орныхоо эрх ашгийн төлөө нэгдэн нийлж, хүч түрэн дайрч буй эрх баригчдын эсрэг сөрж зогсооч хэмээн “Хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах олон улсын өдөр”-өөр уриалж байна.
Сэтгэгдэл (1)