Монгол Улсын Ерөнхийлөгч 2003 онд жил бүрийн 5 дугаар сарын эхний Ням гарагийг Монголын үндэсний бичиг үсгийн баярын өдөр болгон зарлиг гаргасан. Эл өдрийг тохиолдуулан Батлан хамгаалах яамнаас харьяа байгууллагууд, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбаруудын алба хаагч, ажилтан албан хаагчдын дунд Монгол бичгийн уралдааныг уламжлал болгон зохион байгуулдаг билээ.
Монгол үндэстний утга соёлын нандин өв болсон Монгол бичгийг хойч үедээ өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, сурч эзэмших сонирхлыг дэмжих, Монгол бичгийн судалгаа, сурталчилгааг өргөжүүлэх, Уйгаржин бичгээ сэргээн хэрэглэх төрийн бодлогын хэрэгжилтийг хангах, сурталчлан таниулах зорилгоор 10 дахь жилдээ зохион байгуулж буй юм. Уралдааныг энэ жил алдаагүй зөв бичих, таталган бичгийг алдаагүй зөв унших, цэвэр сайхан бичих, уран бичлэг гэсэн 4 төрлөөр явуулж байгаа бөгөөд өнөөдөр алдаагүй зөв бичих, таталган бичгийг алдаагүй зөв унших төрөлд 60 гаруй оролцогч өрсөлдлөө. Маргааш дараагийн 2 төрлөөр уралдааныг явуулж нэгдсэн дүнг гаргана.