Катарын нийслэл Доха хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 7-14-нд болох бөгөөд 98 орны 649 тамирчин өрсөлдөхөө мэдүүлсэн бол манай улсаас 18 жүдоч барилдана. Манай редакцийн зүгээс “Доха-2023” ДАШТ-ийг угтан монгол жүдочидоо цувралаар танилцуулж байгаа билээ.
Энэ удаад бид эмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд барилдах ОУХМ М.Ичинхорлоог онцолж байна.
М.Ичинхорлоо мастерыг Азербайжан улсын нэрийн өмнөөс барилдаж байсан гэдгээр нь хүмүүс сайн мэдэх байх. Тэр 2016 оны олимпын наадмын мөнгө, ДАШТ-ий нэг алт, хошой хүрэл, Азийн АШТ-ий хошой хүрэл, Азийн наадмын нэг алт, хошой хүрэл медальт бөх МУГТ Д.Сумъяагийн залгамж халаа билээ. Түүний жинд ОУХМ, ДАШТ-ий хүрэл медальт Л.Энхрийлэн буй.
Тэрбээр 2021, 2022, 2023 онуудын Улсын аварга шалгаруулах тэмцээнд аваргалж, жиндээ илүү байгаагаа харуулсан шилдэг жүдоч билээ. Түүнээс өмнө 2017 онд гурван жилийн гэрээтэйгээр Азербайжан улсын нэрийн өмнөөс Б.Буянхишиг, Э.Базаррагчаа нарын хамт явсан. Улмаар 2017-2019 онуудад Азербайжаны аварга болсон байдаг.
Энэ талаараа тэрбээр "Бид Азербайжаны иргэншил авсан хэдий ч тэд улсын аварга дээрээ өөрсдийн тамирчдадаа илүү дэмждэг юм билээ. Бидэнд үнэлгээг илт өгөхгүй, өөрсдийн бөхчүүдэд давуу тал өгөөд, биднийг хожигдуулчихдаг байсан даа" хэмээн хэвлэлд ярьж байсан удаатай.
Түүний найз залуу Үндэсний бөхөөр барилддаг, аймгийн заан цолтой. Тэр багадаа ах нартайгаа барилдаж, ноцолдож өссөн бөгөөд 12 настайдаа бөхийн спортын замд эргэж буцалтгүй орсон гэнэ. Энэ тухайгаа "Би тавдугаар анги төгсдөг хавар ангийхантайгаа ноцолдож яваад санаандгүй жүдо бөхийн секцэнд орсон юм. Гэрийнхэндээ энэ талаараа огт хэлээгүй. Тэгээд зуны амралт болоод хөдөө яваад өгсөн. Намар ирсэн чинь намайг жүдо бөхийн секцэнд орсон гэдгийг ээж, аав хоёр олоод мэдсэн байлаа. Аав, ээж хоёр эмэгтэй хүүхэд гар хуруу, бие нь эвдэрнэ гээд жүдогийн секцэнд явуулдаггүй. Би гөжүүдлэн, тас зөрсөөр байгаад л явсан даа. Одоо харин аав, ээж хоёр бүх л үед дэмжиж тусалж байгаа. Миний үнэнч дэмжигч фен болсон" гэжээ.
Түүний анхны багш бол ЕБС-ийнх нь биеийн тамирын багш Амаржаргал гэж хүн бий. Тэр хүний гар дээрээс л бүх юмыг сурч, бөхийн спортод дур сонирхолтой болж байж. Улмаар Гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа багш дээрээ 2015 оноос хойш одоог хүртэл бэлтгэл сургуулилалтаа хийж байна. 2020 оны аравдугаар сарын сүүлчээр Монголдоо ирээд Ш.Цэвэлмаа багштайгаа ярилцаж байгаад “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, Үндэсний шигшээ багийн хүчний бэлтгэлийн Ч.Март багшид шавиар орсон бөгөөд хоёр багшийн удирдлага дор бэлтгэлээ хийдэг.
Украины Дариа Билодид тэргүүтэй дэлхийн шилдгүүд багтсан -57 кг-ын жинд тэрбээр ДАШТ-ээс медаль хүртэх бүрэн боломжтой тамирчин юм. Дэлхийн шилдгүүдтэй золгож явсан тэр удахгүй Монголын ард түмнийг баярлуулах жүдоч мөнөөсөө мөн билээ. М.Ичинхорлоо одоогоор 2112 оноотойгоор дэлхийн чансааны 23 дугаар байрт бичигдэж байна.
Түүний сүүлийн үеийн амжилтуудаас,
2023 оны хоёрдугаар сарын 04 Парисын Их дуулга 2023 |
7 байр |
2022 оны наймдугаар сарын 04 Ахмадын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн (Хувь хүн, баг) |
5 байр |
2022 оны долдугаар сарын 15 Загреб Гран При 2022 |
3 байр |
2022 оны зургадугаар сарын 24 Улаанбаатар Их дуулга 2022 |
3 байр |
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)