Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигийн дагуу жил бүрийн тавдугаар сарын эхний ням гаргийг “Үндэсний бичиг үсгийн баяр” болгон тэмдэглэдэг. Эл өдрийг угтан “Чингис хаан” үндэсний музейд “Монгол бичигтэн-2025” үзэсгэлэн өнөөдөр нээгдлээ.
Үзэсгэлэнг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, БШУЯ, Соёлын яам, ЦХХХЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газар хамтран зохион байгуулж буй. Үзэсгэлэнгийн нээлтэд Соёлын сайд Ч.Номин, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, эрдэмтэн, судлаачид оролцож, Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангаж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.
Мөн монгол бичгийн уран бичвэр, монгол бичгээр хэвлэсэн ном, сонин, хэвлэл, монгол бичгээр бичсэн хаяг бүхий бараа бүтээгдэхүүний танилцуулга худалдаа болж байна. Тус үзэсгэлэн тавдугаар сарын 2, 3-ны өдөр үргэлжлэх ажээ.
Монгол хэлний тухай хууль батлагдаж, Монгол бичгийн үндэсний гуравдугаар хөтөлбөр хэрэгжилтийн шатандаа явж байгаа аж. 2025 оноос эхлэн төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөхтэй холбогдуулан “Хос бичигтэн” хөтөлбөрийг соёлын салбарын хэмжээнд хэрэгжүүлж байгаа туршлагаа улсын хэмжээнд “Бүх нийтээрээ хос бичигтэн болъё” хэмээх уриа дор өргөжүүлж эхэлсэн юм.
Сэтгэгдэл (3)