Гүржийн нийслэл Тбилис хотод пара пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр болоход МПНХ-ны шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Дашийн Баттулгын удирдлага дор “Токио-2020” паралимпын наадмын аварга, “Рио-2016” паралимпын наадмын хүрэл медальт, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Гиннесний дээд амжилтын эзэн, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ 107 кг-ын жинд цээжнээс 240 кг-ыг шахсанаар алтан медаль хүртсэн билээ. Тэрбээр өнөө өглөө эх орондоо ирэх үеэр баярын сэтгэгдлийг нь хуваалцсанаа хүргэж байна.
-Дэлхийн цомын тэмцээнээс алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүлсэн танд нийт уншигчдынхаа өмнөөс халуун баяр хүргэе?
-Пауэрлифтингийн дэлхийн цомоос өмнө нь таван алт, гурван мөнгөн медаль хүртсэн. Баяртай байна.
-Дэлхийн цомын ес дэх медалиа авсанд тань дахин баяр хүргэе. “Токио-2020” паралимпын наадмаас хойшхи хэд дэх олон улсын тэмцээн бэ?
-Дөрөв дэх нь. Удаан хугацааны дараа олон улсын тэмцээнд оролцож байгаа маань энэ юм.
-Санасан хэмжээндээ өргөж чадав уу Та?
-Санасандаа бүрэн хүрч өргөгүй. Гэхдээ алтан медаль хүртэж, ард түмнээ баярлуулсандаа баяртай байна. Нуугаад яах вэ. Гуравдугаар сард тохойн дээр хатиг гарч зовиурлаад бэлтгэлээ тогтмол хийгүй юм. Дахин хатиг гарахаас сэргийлж өндөр тунтай антибиотик хийлгэсэн болохоор бага зэрэг ядарлаа. Бэлтгэлээ бол олигтой хийгээгүй, гэхдээ орхигдуулаагүй ээ.
-Эхний өргөлтийг тань тооцоогүй, энэ талаар юу хэлэх вэ?
-Тийм ээ. Бага зэрэг яарсан. Шүүгч эхний оролтыг маань тооцоогүй. Таван сар орчим тэмцээн уралдаанд ороогүй тул төсөөрсөн байна. Хоёр дахь оролтоо амжилттай өргөсөн, шүүгч тооцсон. Харин гурав дахь оролтоо өргөж чадсангүй. Форумдаа хараахан ороогүй болохоор хүнд байлаа.
-Таны жингийн хүчтэй өрсөлдөгч Ираны тамирчин ирсэнгүй?
-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээндээ бэлдээд хүлээж байгаа болов уу.
-Энэ жил ямар тэмцээн уралдаан хүлээж байна вэ?
-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон Азийн наадам байна. Паралимпын эрхээ баталгаажуулахын тулд оролцоод явна даа. Хичээнэ ээ.
А.Болдбаатар
Сэтгэгдэл (1)