“Морьтон дайчид” гэдгээрээ алдаршсан Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн дэслэгч Н.Бумбаяр, ахлах ахлагч Б.Ганбаяр, байлдагч Г.Өнөболд нар осолдсон машинаас хоёр иргэний амь аварчээ.
Тодруулбал, байлдагч Г.Өнөболд харуулын цэгт үүрэг гүйцэтгэж байхад тус ангийн ойролцоо 2023 оны 4 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнийн 01.00 цагийн үед авто машин осолдсон байжээ.
Ангийн жижүүртээ уг мэдээг шуурхай хүргэснээр ангийн жижүүр, харуулын дарга нар ослын газар очиход хоёр иргэн машин дотроо ухаангүй байдалтай байсан аж. Улмаар тэдэнд эмнэлгийн анхан шатны тусламж яаралтай үзүүлж, эмнэлгийн тусламж дуудаж хүлээлгэн өгч иргэдийн амь насыг аварчээ. Дээрх хоёр иргэн одоогоор Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж, биеийн байдал нь сайжирч байгаа.
Албан үүргээ гүйцэтгэж байхдаа эрдэнэт хүний амийг цаг алдалгүй аварсан залуусыг танилцуулахад, дэслэгч Н.Бумбаяр нь Ховд аймгийн Манхан сумын харьяат, 2022 оноос Зэвсэгт хүчний 232 дугаар ангиас салааны захирагчаар ажлын гараагаа эхлүүлсэн залуу офицер юм. Сургагч ахлагч Б.Ганбаяр нь Хэнтий аймгийн Биндэр сумын харьяат, 2022 оноос Зэвсэгт хүчний 232 дугаар ангид ажиллаж байгаа цэрэгжлийн спортын шилдэг тамирчдын нэг. Харин байлдагч Г.Өнөболд Төв аймгийн Зуунмод сумын харьяат, хугацаат цэргийн албанд татагдан ирэхээсээ өмнө СУИС-д кино телевизийн зураглаач мэргэжлээр суралцаж байсан, гуравдугаар дамжааны оюутан ажээ.