УИХ, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы санаачилгаар Налайх, Багануур, Багахангай дүүргийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд “Миний бүтээл - Миний ирээдүй” төслийн уралдааныг зарласан.Жил бүр зохион байгуулдаг тус төслийн уралдаан цар тахлын улмаас хоёр жил зогсоод байсан бол энэ жил ийнхүү дахин зохион байгуулагдаж байна.
Төслийн уралдаанд оролцож байгаа болон оролцохоор сонирхож буй хүүхдүүдийг Шадар сайд С.Амарсайхан “Зайсан хилл” цогцолборт хүлээн авч, нэгдсэн уулзалтийг зохион байгууллаа. Тус уулзалтаар Шадар сайд өөрийн хүүхэд насны зорилго тэмүүлэл, түүндээ хэрхэн хүрсэн тухайгаа илтгэлдээ сонирхуулсан юм.
Мөн уулзалтад Сант сургуулийн 12 дугаар ангийн сурагч О.Анирчулуу оролцсон юм. Тэрбээр энэ жил АНУ-ын 15 их дээд сургуульд шалгалт өгсөнөөс Harvard University, Columbia University, Princeton University зэрэг зургаан сургуулиас тэтгэлэг авч суралцах урилга аваад буй аж. Тэрбээр үе тэнгийнхэндээ хэрхэн гадаадын их дээд сургуулиудад тэтгэлэгтэй суралцах, эсээгээ хэрхэн зөв, оновчтой бичиж, өөрийгөө илэрхийлэх талаарх туршлагаасаа хуваалцсан юм. Уулзалтад гурван дүүргийн нийт 700 гаруй хүүхэд оролцлоо.