Дөрвөн жил тутамд нэг удаа болдог Монголын хүүхдийн спортын наадам Баянхонгор аймагт болох бөгөөд өсвөрийн тамирчид 21 спортын төрөлд авхаалж самбаагаа сорих юм. Монголын хүүхдийн спортын “олимп” хэмээн нэрлэгддэг энэ наадам Баянхонгор аймгийн төвд зургадугаар сарын 20-26-ны өдрүүдэд болох тов гарлаа. Орон нутагт тус наадам анх удаа болох гэж байгаа.
“Нөхөрлөе, хөгжье, хамгаалъя” уриатай тус наадмын бэлтгэл ажил хангагдаж байгаа ба 11 зочид буудал, 50 гэр байгууламж, найман сургууль, 10 гаруй цэцэрлэгийн байр хоолны газрууд болон үйлчилгээний 30 гаруй автобус бэлтгэжээ. Баянхонгор аймаг нь өмнө нь томоохон уралдаан тэмцээн зохион байгуулсан туршлагатай. “Баянхонгорын бага олимп”-ыг гурван удаа зохион байгуулсан юм.