Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Бөмбөгөр, Галуут, Хүрээмарал, Эрдэнэцогт сумдын 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаан өнөөдөр болж буй. Тус барилдаанд Улсын аварга О.Хангай, Улсын арслан Р.Пүрэвдагва, Улсын заан Н.Жаргалбаяр, Улсын харцага Н.Золбоо тэргүүтэй 256 бөх барилдаж байна.
Барилдаанд дээд цолтнуудаас нэг аварга, нэг арслан, нэг заан оролцож, үлдсэн бөхчүүд нь харцага буюу түүнээс доош цолтнууд оролцож байна. Өчигдөр Шинжлэх ухааны мал эмнэлэг, үржлийн алба үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд түрүүлсэн улсын харцага Ц.Бямба-Отгон, их шөвөгт үлдсэн Улсын заан Б.Бат-Өлзий, Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, бага шөвөгт үлдсэн Улсын харцага Б.Зоригтбаатар, Аймгийн арслан Б.Өсөхбаяр нар нар өнөөдөр барилдсангүй. Харин үзүүр бөх улсын начин Б.Даваа-Очир, бага шөвөгт үлдсэн Улсын арслан Р.Пүрэвдагва, Ц.Мөнхбаяр нар өнөөдөр барилдаж байна.
Тэгвэл таван сумын тэгш ойн энэхүү барилдаанд хэн түрүүлэх вэ гэдэгт бөх сонирхогчид олон таамаг дэвшүүлсээр байна. Таамгийн тэргүүнд улсын аварга О.Хангай, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын начин Э.Батмагнай нар нэрлэгдэж байна.