Нийгэм, соёлын урсгал даган бидний амьдрал ч хувьсан өөрчлөгдөж байна. Зарим нь үл анзаарагдах боловч түр азнаад харвал олон янзаар хувирч байгаа. Тэдгээр зүйлсийн тухай “24tsag.mn” сайтаас долоо хоног бүр тантай хуваалцах болно. Энэ удаад монголчуудын шүүн тунгаах ур чадвар хэрхэн өөрчлөгдөж буй тухай хуваалцаж байна.
Хов живийн салхин дунд бид төөрч будилж явна. Өдгөө цахим ертөнц хүн бүрийн гарт бусдыг “шүүх” эрхийг өгчээ. Чухам шүүн тунгаах ур чадвар, шүүмжлэхээс огт өөр зүйл юм. Аливаа зүйлийн учир шалтгаан, үр дагаврыг тооцоолон бодохгүйгээр салхи хаашаа эргэнэ, тэр зүгт өвс ногоо мэт бөхийх болов.
Хүн гэгч үнэнд ухаангүй дуртай хэр нь үнэнтэйгээ л нүүр тулж чаддаггүй.
Ер тийм боловч сайн сайхан, муу муухайг олж харж чаддаг байх буруу зүйл биш сэн. Гэтэл бидний шүүн тунгаах ур чадвар бус шүүмжлэхүйн “гүн ухаан” илүүтэй хөгжжээ.
Нийгмийн сэтгэл зүй модон салыг далайд тавьсан шиг дайвалзан байна. Хүчтэй давалгаанд залгигдаж мэдэх, эрчээ авсан шуурганд шидэгдэн хөмөрч мэдэхээр хөнгөн, жолоодлогогүй болсныг харж болно. Бүх зүйлийн өмнө шүүмжлэгч мэт зогсохыг тань хэн ч үгүйсгэхгүй. Харин өдгөө бид хэн нэгнийг үгээрээ “цаазын тавцан”-д аваачих “шүүгч” мэт болов. Шүүмжлэх биш шүүх л дуртай.
Нэг талаараа бүгдээрээ эрх чөлөөт, ардчилсан нийгмийн амьтад. Хэрэв мэдээллийг олон талаас нь нягтлан харж чадвал өөрт үүсэх үнэлэлт дүгнэлт ч хэр хэмжээндээ л байна. Гэвч ингээд өнгөрөхгүй. Зарим талаар бидний шүүн тунгаах ур чадвар хэн нэгний сэтгэлийн эвдэрхий талыг эвлүүлж, эмтэрсэн талыг эдгээж чадна.
М.Дэвээжаргал