Катарын нийслэл Доха хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 7-14-нд болох бөгөөд 98 орны 649 тамирчин өрсөлдөхөө мэдүүлсэн бол манай улсаас 18 жүдоч барилдана. Манай редакцийн зүгээс “Доха-2023” ДАШТ-ийг угтан монгол жүдочидоо танилцуулж байгаа билээ.
Энэ удаад эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд барилдах ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Ё.Басхүүг онцолж байна.
Ё.Басхүү нь 1993 оны аравдугаар сарын 1-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн. Жүдо бөхийн эх орон Япон улсад болсон ДАШТ-д анх удаа оролцохдоо шагналт байрт шалгарч байжээ. Энэ тэмцээнээс харамсал болон ухаарлыг олж авсан тэрбээр хоёр жилийн дараа “Булган сүүлтэй Будапешт”-ийн дэвжээнд дэлхийн медальтан болж харамсалаа тайлав.
Үүнээс хэдхэн сарын өмнө Токиогийн олимпын наадамд Японы алдарт бөх Хифүми Абэд вазари үнэлгээгээр ялагдсан, гэхдээ түүний бэртэл сайн эдгээгүй байсан гэдэг. Тэрбээр ялагдсаныхаа дараа “Хифүми Абэтэй хоёрдугаарт таарахдаа төлөвлөсөн барилдаанаа хийж чадаагүй. Үндсэн цагт оноо алдахгүй байгаад нэмэлт цагт явъя гэсэн бодолтой гарсан маань буруудсан ч байж магадгүй. Эхнээсээ л явдгаараа яваад барилдсан бол яах ч байсан юм билээ. Абэ аваргатай өмнө нь 2018 оны Осакагийн Гранд Слам, 2019 оны дэлхийн аваргад таарч хожигдож байсан. Хоёр хожигдлоо, хожлоо тайлъя гэж бодсон ч чадаагүй” хэмээн ярьсан.
Тэр тив, дэлхийн медальтай ч улсдаа түрүүлсэн түүх түүнд үгүй. УАШТ-д дөрвөн удаа оролцохдоо 2018, 2019 онуудад хүрэл медаль хүртжээ. Сонин шүү.
Ер нь 66 кг-ын жинд монголчууд түлхүү сайн барилддаг. Алдарт бөх Х.Цагаанбаатар, Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх нарыг нэрлэж болно. Тэдний амжилтыг залгамжлах бөх бол гарцаа байхгүй Ё.Басхүү юм. Тэр дэлхийн бөх болсон, олимпын наадмаас медаль авах монгол тамирчдын тоонд зүй ёсоор нэрлэгдэнэ. Түүний жүдогийн анхны багш нь нутгийн ах, аймгийн заан Г.Батцэрэн бол Улаанбаатарт ирээд Ц.Шийрэв багшид шавь оржээ.
Тэрбээр жүдо барилдахаас гадна үндэсний бөхөөр чамгүй үздэг, М.Баяржавхлан гардитай ч хамаатан гэх. Завхан аймагтаа дөрвөн сумын нэгдсэн барилдаанд түрүүлж байсан удаатай. Өнгөрсөн жил Улсын баяр наадмаар залуу заан Н.Жаргалбаярт өвдөг шорооджээ.
А.Бат
Сэтгэгдэл (1)