Хөвсгөл аймагт зочлох жилийн хүрээнд ирэх долоодугаар сард Алунгоо эхийн сургаалын баярыг тэмдэглэхээр болжээ. Тус баярыг Чандмань-Өндөр сумын Засаг дарга Ч.Энхтүвшингийн санаачилгаар Чингис хааны мэндэлсний 840 жилийн ой тохиосон 2002 онд анх тэмдэглэснээс хойш өргөжин тэлсээр аялал жуулчлалын үйл ажиллагаа болсон юм.
Монголын нууц товчоонд бичсэнээр Алунгоо бол Чингисийн алтан ургийнхны дээд эмэг эх буюу Монгол аймгийн захирагч байсан Добу мэргэний гэргий юм. Түүний эцэг нь хорь түмдийн ноён Хорилдай мэргэн, Алунгоо Добу мэргэний гэргий байхдаа Бэгүнэтэй, Бэлгүнүтэй гэдэг хоёр хөвгүүн төрүүлсэн. Добу мэргэнийг нас барснаас хойш Буха Хатаги, Бухату-салжи, Бодончар мунхаг гэдэг гурван хүү төрүүлжээ. Алунгоо эх таван хөвгүүнээ зэрэгцүүлэн суулгаж, хүн бүрд нэжгээд сум өгч үүнийг хугал гэхэд нь бүгд амархан хугачиж орхив. Бас 5 сумыг нийлүүлж багцлаад хугал гэж өгвөл тавуулаа дараалан оролдоод хугалж эс чадав.
Алунгоо эх "Та нар ганц ганцаар салбал нэжгээд сум мэт хялбархан дийлэгдэх болно. Эв эеэ нэгтгэвэл тэр багласан сум мэт бөх болж хэнд ч хялбар дийлдэхгүй" гэж сургажээ.
Чандмань-Өндөр суманд Алунгоо хатантай холбоотой хууч яриа, гол усны домог олон байдаг. 1992 онд Алунгоо хатанд зориулж, 3м өндөр хөшөөг Аригийн голын өмнө этгээдийн Тарагны овоо гэдэг бяцхан өндөрлөг дээр босгожээ. Хөшөөний эх загварыг зураач, барималч Ц.Цэдэн-Иш зохиож, өөрөө урлажээ. Хөшөө сумын төвөөс 12 км зайд байрладаг.