Монгол Улсын начин Б.Ганхуяг допингтой тэмцэхээ илэрхийлсэн нь саяхан. Энэ хүрээнд тэрбээр МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавтай уулзаж, допингийн шинжилгээний өмнөх хариугаа Допингийн эсрэг байгууллагаас авах хүсэлтээ уламжилжээ. Начин Б.Ганхуягийн энэхүү уриалгыг олон бөх дэмжиж, гарын үсгээ хүртэл зурсан байна. МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав түүний хүсэлтийг нааштай хүлээн авч МҮБХ-ноос ДЭБ-д хүсэлт явуулна гэдгээ илэрхийлжээ.
Улсын начин Б.Ганхуяг энэ талаар “Энэ өглөөний мэндийг та бүхэндээ хүргэе. ДЭБ-гаас Үндэсний бөхчүүдээс хамгийн анх удаа допингийн шинжилгээ авч эхэлсэн цаг үеэс хойших буюу өнөөдрийг хүртэлх цаг хугацаанд шинжилгээнд хамрагдаж байсан бүх бөхчүүдийнхээ шинжилгээний хариуг Допингийн эсрэг байгууллагаас МҮБХ-доо авахыг МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.Магалжавт уламжиллаа дэмжиж гарын үсгээ зурсан эрхэм журмын нөхөд хамт олон бөхчүүддээ талархал илэрхийлье.
Мөн миний бие явцын шинжилгээ болон Улсын их баяр наадамд нийтдээ гурван удаагийн шинжилгээ өгч байсан ба өөрийнхөө хариуг өөртөө авах хүсэлт ДЭБ 04/17-нд гаргасан боловч харамсалтай нь өнөөдрийг хүртэл тоймтой албан ёсны хариуг надад гаргаж өгөөгүй л байна. ДЭБ-ын гүйцэтгэх захирал Мөнхболд хэлэхдээ үндэсний бөхийн холбоо хүсэлтээ манай байгууллагад өгвөл МҮБХ-д чинь хариуг нь өгнө хэмээсэн эр хүн хэлсэндээ эмээлт морь хариасандаа гэдэг, харж л байя даа.
Дашрамд дуулгахад, би хэн нэгний мууг үзэх хүсэл, сонирхол огт байхгүй. Харин олон мянганаар өртөөлөн өнөөдөр бидэнд өвлөгдөн ирсэн энэ сайхан өв соёл уламжлалаа цэвэр ариун байлгаж үр хүүхдүүддээ шударга өрсөлдөөний ариун талбарыг үлдээх юмсан гэсэн өчүүхэн миний хүсэл байдаг билээ. Допингийг эсэргүүцэж шударга үнэний талд байгаа нийт бөхчүүддээ дахин талархал илэрхийлье.
Бид л үүнийг өөрчлөхгүй бол өөр хэн өөрчлөнө гэж. Одоо л өөрчлөхгүй юм бол хэзээ өөрчлөгдөнө гэж. Монгол үндэсний бөх чинь шударга сайхан болно гэдэгт итгэж байна. МҮБХ-ны тэргүүн маань нааштай хүлээн авч МҮБХ-ноос ДЭБ-д хүсэлт явуулна гэдгээ илэрхийллээ” хэмээн хэллээ.