Манай улсын “Степп арена” спортын ордонд ОХУ-ын уран гулгалтын шигшээ багийн 16 тамирчин шоу тоглолтоо ирэх сарын 6-7-ны өдрүүдэд толилуулах бөгөөд энэ спортыг шимтэн үзэх дуртай хүмүүс хоног тоолон хүлээж буй нь лавтай. Тамирчдын тухайд “Бээжин-2020” өвлийн олимпын наадмын аварга Камила Валиева нарын хойд хөршийн шигшмэл 16 уран гулгагч гоёмсог үзүүлбэрээ үзүүлэх талаар өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл тэдэн дээр нэмэгдэж Оросын шинэ залуу уран гулгагч Арсений Федотов ирэхээр болсон нь улам сонирхол татаж байна. Тэр өнөөдрийг хүртэл нууц байв. Монголд зохион байгуулах уран гулгалтын шоу тоглолтын хүрээнд 24 үзүүлбэр (нэг өдөрт 12 үзүүлбэр)-ийн үргэлжлэх хугацаа нь 2:15 цаг юм байна.
Энэ арга хэмжээний зохион байгуулалт болон тамирчдын зочид буудал бусад зардалд одоогийн байдлаар 230 сая төгрөг төсөвлөсөн байна. Харин 17 тамирчин, зургаан дасгалжуулагч, нэг эмчийн зардалд нэмэгдэж 150 мянга орчим ам.долларын хөлс гаргахаар төсөвлөсөн хэмээн эх сурвалж мэдээллээ. Угтаа бол хагас тэрбум төгрөгт уран гулгалтын шоу арга хэмжээг зохион байгуулахаар урьдчилсан байдлаар төлөвлөсөн байна. Энэ тийм ч их мөнгө биш. Учир нь ийм шоу арга хэмжээг багадаа тэрбум төгрөгт зохион байгуулдаг юм билээ.
Сайн санааны гэдэг утгаараа хойд хөршийн уран гулгалтын холбоо ийн гар татжээ. Арсений Федотов нь 2009 оны есдүгээр сарын 27-нд ОХУ-ын нийслэл Москва хотод төрсөн ба уран гулгалтын ганцаарчилсан гулгадаг, “Кристал” клубын тамирчин юм. Аав нь сагсан бөмбөгийн тамирчин бол ээж нь уран гулгагч, спортын гэр бүлд өсөж хүмүүжсэн түүнийг Оросын уран гулгалтын ирээдүй хэмээн дэлхий даяар шуугиж байна.
А.Болдбаатар
Сэтгэгдэл (1)