2023 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан Лондоны марафонд амжилттай оролцсон Дэлхийн Монголчуудын гүйлтийн суваг (MGL Running Channel)-ийн АНУ, Япон, Ирланд болон Британи дахь гишүүд, тамирчдыг Элчин сайд Б.Энхсүх хүлээн авч уулзав.
MGL Running Channel-ийг үүсгэн байгуулагч У.Ганзориг, удирдах багийн гишүүд Б.Үйлсзаяа, Л.Эрдэнэчимэг, Х.Загдсүрэн, Ж.Оюун-эрдэнэ, Д.Отгонцэцэг, М.Мөнхзоригт нар марафонд оролцсон тамирчдыг дэмжин ажилласан бөгөөд энэ удаагийн марафонд 6 тамирчин биечлэн, 2 тамирчин цахимаар оролцсон юм. Дэлхийгээр тархан суугаа, гүйлтийн спорт сонирхогчдоо нэгтгэх, мэдээлэл түгээж, гүйлтээр хичээллэхийн ач холбогдлыг таниулан сурталчлах, дэлхийн томоохон гүйлтийн тэмцээн уралдаанд эх орныхоо төлөөллийг оролцуулах, дэмжин ажиллах зорилгоор MGL Running Channel-ийг 2020 онд үүсгэн байгуулсан байна.
Түүнчлэн MGL Running Channel-ийн Ирланд Улс дахь төлөөлөгч Б.Үйлсзаяа дэлхийн алдарт 6 марафоныг амжилттай дуусгаж, Монгол Улсын хөнгөн атлетикийн спортын 1-р зэрэг авсан тул Элчин сайд Б.Энхсүх түүнд үнэмлэхийг нь гардуулан өгөв.