Катарын нийслэл Доха хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд 11 хоног үлдлээ. Олимпын наадмын өмнөх дэлхийн дэвжээнд 97 орны 644 жүдоч хүч үзэхээ мэдүүлсэн бол манай улсаас 18 тамирчинаа илгээнэ. Монголын багийн бүрэлдэхүүнээс эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд зодоглох Л.Сосорбарам, М.Нандин-Эрдэнэ нарыг онцолж байна. Энэ жинд ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин М.Бундмаа дэлхийд өндрөөр үнэлэгдэж явсан бөх. ДАШТ-ээс энэ жинд медаль авсан ганц нь М.Бундмаа. Түүний амжилтыг Дохад залгуулах хоёр залуу мастерын спортын товч намтарыг танилцуулъя.
Л.Сосорбарам гэж хэн бэ?
Лхагвасүрэнгийн Сособарам залуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн Монголын хоёр жүдочийн нэг. Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрж өссөн тэрбээр Лондоны олимпоос Н.Түвшинбаяр, С.Ням-Очир ах нарыгаа медаль авахыг харж бахархан жүдо бөхийн спортыг сонгох үедээ Л.Лувсандэмбэрэл багшид шавь оржээ.
Жүдо бөхөөр тууштай бэлтгэл сургуулилт хийсэн түүний хөдөлмөр зүтгэл 2017 онд үр шимээ өгч аймгийнхаа тэмцээнд босоо түрүүлж, Азийн дэвжээнээс ч алтан медаль авлаа. Дараа жил нь Ази болон Европ тивийн тэмцээнээс хүрэл медаль авсанаар олны анхааралд өртлөө. 2018 оны залуучуудын олимпын наадмаас мөнгөн медаль шүүрсэн нь Монголын жүдод анхдагч амжилт болсон юм. Дараа жилийн насанд хүрэгчдийн УАШТ-ээс алтан медальтай, бас шилдэг тамирчин ч болов оо.
Гарцаагүй том бөх болно гэдэг итгэлийг энэ үеэс бидэнд төрүүлсэн юм. Тус оны их дуулгад үзүүрлэж, насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс мөнгөн медаль авлаа. Л.Сосорбарам 2021 оны их дуулгаас мөнгөн медаль хүртэж, Токиогийн олимпын дэвжээнд эх орноо төлөөлөн барилдсан юм. Энэ жилийн ДАШТ-д хэрхэн барилдах бол...
М.Нандин-Эрдэнэ гэж хэн бэ?
Спорт сонирхогчдод төдийлөн танигдаагүй, их дуулга дэлхийн дэвжээнд цойлоогүй ч олимп, дэлхийн медальтан болох туйлын хүсэлтэй залуу жүдоч бол М.Нандинцэцэг. Гэхдээ тэр “Сараево-2022” жүдо бөхийн өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 48 кг-ын жинд хүрэл медаль хүртэж, ирээдүйтэй бөх болохоо харуулна билээ.
Нас залуу байна, оролцох тэмцээн ч олон байна. Туршлага нэмж, жин ахиж залуучуудын Азийн цомын 52 кг-ын жинд хүрэл медаль хүртэхдээ шигшээ барилдаанд Казахстаны бөхийг цэвэр ялсан нь одоо ч санаанаас гарамгүй. М.Нандинцэцэг өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн нь түүний төрийн дуулалаа эгшиглүүлсэн анхны тэмцээн байв. Улсын аварга шалгаруулах тэмцээнд ч босоо бөх.
Энэ эрчээ алдаагүй залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медалиа залгуулсан. Өнгөрсөн жил Монголын бүх ард түмний спортын их наадмаас хүрэл медаль хүртэж, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэнээр монголоо дэлхийд төлөөлөх жүдоч гэдгээ батлан харуулсан. Тэр богино хугацаанд тодрон гарч жиндээ дэлхийн чансааны 47 дугаар байрт эрэмбэлэгдэж байна.