Монголын эрүүл мэндийн салбарынхны сагсан бөмбөгийн анхдугаар лигийн тоглолт “UG arene” цогцолборт болж байна. Тэмцээнд 40 багийн 400 гаруй “Цагаан халаадтай тамирчин” ур чадвараа сорин хоёр сарын хугацаанд өрсөлдөх юм. “Спортоор хичээллэж эрүүлжих, зөв дадалтай болох” уриаг эрхэм зорилгоо болгон тэд сагсан бөмбөгийн талбайд нэгдэж байна. Энэ лигт спортлог цөөнгүй тоглогч бий.
Тэдний нэг нь Аддиктологийн төвийн сэтгэцийн эмч, сэтгэл засалч Г.Энхзаяа. Тэрбээр сагсанбөмбөгийн спортоор 10 жил хичээллэх хугацаандаа нэгдүгээр зэрэгт үнэлэгдэж, оюутны шигшээ багт хүчин зүтгэж явсан эмч тамирчин юм. Түүний спортын авьяас ингээд дуусахгүй. Бодибилдинг фитнессийн спортын АШУҮИС-ийн шилдэг оюутан өргөмжлөлийг хоёр удаа хүртэж, Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнээс ч алт, хүрэл медальтай. Тэр эмч мэргэжлээрээ хоёр жил ажиллаж байгаа ба эрүүл мэндийн салбарын спортлог эмч нарын нэг юм.