Олимп хаяанд ирж хаалганд туллаа. Гэтэл манай улсын спортын төв байгууллага болох Засгийн газрын тохируулагч агентлаг, Биеийн тамир, спортын улсын хорооны даргын суудал эзэнгүй дөрөв дэх сартайгаа золгож байна. Засгийн газрын 2023 оны нэгдүгээр сарын 11-ий өдрийн хуралдаанаар өмнөх дарга Д.Жаргалсайхан ажлаасаа чөлөөлөгдсөн. Улмаар Төрийн албаны зөвлөлөөс ЗГТА-Биеийн тамир, спортын улсын хорооны даргын сонгон шалгаруулалтыг зарлажээ.
Хүлээн авах хугацаа нь өчигдөр дуусахад сонгон шалгаруулалтад дөрвөн хүн нэр дэвшсэн байна. Тухайлбал, БТСУХ-ны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Баттулга бүртгүүлсэн бөгөөд тэрбээр салбартаа арай туршлагатай нь, дүүргийн БТСХ-ноос ажлын гараагаа эхлүүлсэн нэгэн. Эхний хүн нь энэ.
Тэгвэл дараагийнх нь БТСУХ-ны Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Э.Билэгт. Тэр тус хорооны хаалгыг 2016 онд тогшиж, удалгүй удирдах албан тушаалд томилогдсон бөгөөд энэ салбарт долоо дахь жилдээ ажиллаж байна. Үндэсний шигшээ багийн удирдаад баг тамирчид нь өнгөрсөн олимпоос дөрвөн медаль авчирсан юмдаг.
Гурав дахь хүн нь Б.Баттүшиг. Тэрбээр Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороог хоёр жил удирдсан, ямартаа ч спортын салбарыг гадарлахтайгаа. БТСУХ-нд хүртэл мэргэжилтэн хийж явсан гэх. Хан-Уул дүүргийн Засаг дарга Д.Загджавтай ойр гэж эх сурвалж хэлж байна. МАН-д хэзээнээс морь нохой мэт зүтгэж ирсэн түүнд энэ удаад боломж олгож магадгүй гэлцэнэ.
Сүүлийн хүн бол гавьяат дасгалжуулагч Д.Жаргалсайхан. Тэр Ковидын хуулийн буянаар тус байгууллагыг өнгөрсөн оны дунд үеэс зургаан сар орчим удирдсан, 2016 онд бас тус байгууллагыг зургаан сар удирдаж үзсэн. Хэвлэлд түүнтэй холбоотой мэдээлэлээс харвал тийм ч сайн нэртэй хүн биш бололтой.
Шаардлага хангах хүнийг эдгээрээс олох хэцүү. Гэхдээ сонгон шалгаруулалт ирэх сарын 4-нд болох бөгөөд наана нь шаардлагад тэнцэхгүй нэгнийг хасч магадгүй гэнэ.
А.Болдбаатар
Сэтгэгдэл (4)