Мэргэжлийн холимог тулааны хамгийн оргил UFC. Энэ тулааныг дэлхийн 165 оронд 60 гаруй дэлхийн өргөн нэвтрүүлэгийн түншүүдээр дамжуулан 1.1 тэрбум гаруй өрхөд 40 гаруй хэлээр дамжуулан цацдаг. Энэ рингэнд гарсан анхны монгол тамирчин, анхны ялалт авсан монгол тулаанч бол Данаагийн Батгэрэл юм. “Талын шуурга” хочит Д.Батгэрэл маргааш холимог тулааны ээлжит тулаанаа хийх гэж байна.
Тэр 2015 онд UFC-д тулалдахаар АНУ-ыг зорьж, 2019 оны намар анхны тулаанаа Өвөрмонголын тулаанч Хэйли Алатенгтай хийхдээ ялагдсан ч тухайн тулаан тэр үдшийн шилдгээр шалгарч байлаа. Дараа жил нь Гиод Каннетиг 3:01 минутад хүнд цохилтоор буулган авсан нь Д.Батгэрэлийн анхны ялалт байв. 2021 онд Кевин Нативададыг минут хүрэхгүй хугацаанд хүнд цохилтоор ялж, Брэндон Девисийг 2:01 минутад ялсан байна.
Харин түүний маргааш тулалдах өрсөлдөгч Брэди Хистанд бол тулааны мэдээлэл багатай, нууцлаг эр юм. Бреди Хистанд нь 1999 оны дөрөвдүгээр сарын 30-нд АНУ-н Вашингтонд төрсөнба өдгөө 24 настай. Тулааны спортын хажуугаар гал унтраах албанд хүчин зүтгэдэг бөгөөд найман настайгаасаа бокс, кикбоксын спорт сонирхож, 14 настайдаа жиүжицүгээр хичээллэх болж. UFC-гээс зохион байгуулдаг нэгэн шоу тулаанд шигшээ шатанд шалгарснаар UFC-д оролцох эрхээ авч одогоор нэг ялж, нэг ялагдсан үзүүлэлттэй байна.