МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг өнөөдөр Нийслэлийн ерөнхий боловсролын спортын төв сургуульд зочилж, тус сургуулийн багш, сурагчид, удирдлагуудтай уулзалт хийлээ. Спортын төв сургууль 2009 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 442 тамирчин сурагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Сургуульд ерөнхий эрдмийн хичээлүүдээс гадна чөлөөт бөх, жүдо бөх, бокс, хөнгөн атлетик, хөлбөмбөг, дугуй, хүндийг өргөлт, самбо, таеквондо, тэшүүр зэрэг спортын есөн төрлөөр хичээл орж байна. Энэ үеэр МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг тус сургуулийн сурагчдаас ирээдүйн олимп, дэлхийн аваргууд төрөн гарна гэдэгт итгэлтэй байна гэв.
Мөн олимпын хөтөлбөрт багтсан, хүүхэд залуусын сонирхлыг татдаг, шинэ тутам хөгжиж буй скейтборд, брейк бүжиг тэргүүтэй спортын төрлүүдийг Монголд хөгжүүлэн дэлгэрүүлэх боломжийн талаар санал солилцлоо. Түүнчлэн ОУОХ болон олон улсын спорт холбоодтой хамтран ажиллахад холбож өгөх боломжтой гэдгээ илэрхийлэв.
Уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгч Б.Баттүшиг тус сургуулийн “Тэмүүлэл” олимпын танхимаар зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Өнгөрсөн нэгдүгээр сард нээлтээ хийсэн “Тэмүүлэл” танхимын тохижилт болон мэдээлэл нь бусад сургуульд үлгэр жишээ болохуйц байгааг Ерөнхийлөгч Б.Баттүшиг онцолсон юм.