Дөрөвдүгээр сарын 29, 30-нд 11 орны шилдэг бөхчүүд Улаан-Үд хотноо 25 дахь удаагийн “Байкал Опен” тэмцээнд оролцоно гэж Оросын бөхийн холбооноос мэдээллээ. Эрэгтэй чөлөөт бөхийн 10 жинд нийт 200 орчим тамирчин оролцох бөгөөд урьдчилсан байдлаар ОХУ-ын Буриадаас гадна ОХУ-ын I болон II шигшээ баг, Якут, Тува, Дагестан, Умард Осет (Алания), Красноярск, Өвөрбайгалийн хязгаар, Эрхүү, Кемерово, Чечень, Пермийн багууд оролцох төлөвтэй гэж Буриад улсын Спортын бэлтгэлийн төвөөс мэдэгдэв. Харин Монгол Улсыг төлөөлөн 40 бөх, Беларусь 27 бөхтэй оролцох бол Узбекистан, Кыргызстан, Армен, Тажикистан, Азербайжан, Марокко, Энэтхэг, Молдавын тамирчид мөн хүч үзэх юм. Зохион байгуулагч Буриадаас 50 орчим тамирчин оролцох юм. Буриадын нэртэй бөхчүүдээс ДАШТ-ий хүрэл медальт Евгений Жербаев, 2022 оны Поддубный лигийн хүрэл медальт Жаргал Дамдинов, ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээний медальт Алдар Балжинимаев, Даша Шарастепанов, олон улсын тэмцээний медальт Булат Батоев нар багтжээ. Түүнчлэн Европын аварга шалгаруулах тэмцээний медальт Булат Баясхолонов, 20 хүртэлх насны дэлхийн аваргын хүрэл медальт Илья Жибалов, Дмитриевийн тэмцээний аварга Баир Баяндуев, ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээний медальт Жаргал Баяндуев, Түмэн Бодиев, Оросын залуучуудын спартакиадын медальт Аюр Нимаев зэрэг залуус нь ч хүч үзэх юм.
Тэмцээний шагналын санг дараах байдлаар зарлав:
- Аварга - 100 мянган рубль
- Дэд аварга - 70 мянган рубль
- Хүрэл медальтнууд - 50 мянган рубль
- Аваргын дасгалжуулагч - 50 мянган рубль.